
АНУ-ын Нью-Жерси мужийн Рамсей гэх жижиг хотод амьдардаг Иди Родстейн гэгч эмэгтэй өөрийнх нь амийг аварсан аврагчийг бараг 50 жилийн дараа олж уулзан баярласнаа хэлжээ. Иди Родстейн нь 1964 онд таван настай байхдаа Нью-Йорк хотын Лидо далайн эргийн ойролцоох нэгэн клубын усан санд унаж, живж үхэх шахсан аж. Азаар түүнийг тухайн үед 21 настай байсан анагаахын ангийн оюутан усан сангаас гарган авч, цөхрөлтгүй хиймэл амьсгал хийсээр амийг нь аварсан байна. Гэвч тэр үед Иди Родстейн балчир байсан учраас амийг нь аварсан залууд “баярлалаа” гэж хэлж чадаагүй бөгөөд хожим түүнийг хайж олоод энэ үгийг хэлэхийг хүссэн гэнэ. Иди Родстейн 50 орчим жилийн дараа “Google”-ийн тусламжтайгаар аврагчийнхаа утасны дугаарыг олж авснаар түүний автомат хариулагчид хэлэх үгээ үлдээснээр тэд уулзсан байна. Харин тэрхүү ачтан нь зуны амралтаараа аврагч хийж сургуулийнхаа төлбөрийг олохоор ажиллаж байсан Флоридад амьдардаг Ларри Брикмэн гэгч байсан аж.
Б.АНХТУЯА