
Улсын дугаарын тооноос хамааран хөдөлгөөнд оролцоно
Хязгаарлалт тогтоосон замуудад автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран хөдөлгөөнд оролцуулах ажээ. Тодруулбал, энэ сарын 26, 28-ны өдөр тэгш тоогоор, 27, 29-ны өдөр сондгой тоогоор төгссөн автомашинууд 07.00-21.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй юм. Ингэхдээ Их тойруу болон түүний доторх замууд, Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэг, ТЭЦ-3-ийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл, Хөдөө аж ахуйн сургуулиас Долоон буудал хүртэлх зэрэг хотын төвийн бүхий л замууд хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа юм.
Зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, тролейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй юм байна.
“Иргэдийн ажлыг цалгардуулахгүйн тулд “Цахилгаан тээвэр” компанийн бүх тролейбус дээрх өдрүүдэд үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ. Энэ ажилд бид 20 орчим сая төгрөг зарцуулж байна” гэж хотын менежер Б.Бадрал хэлсэн юм.
Бүх нийтийн цэвэрлэгээтэй
Нийслэл хотын өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байдлыг хангахын тулд дөрөвдүгээр сарын 20-нд буюу ирэх бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй гэнэ.
Томоохон зах, худалдааны төвүүд амарна
Хурал, чуулганы өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас сэргийлэх үүднээс томоохон худалдааны төв, захуудын цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Хархорин, Нарантуул, Өгөөмөр, Цайз, Да хүрээ, Шархадны зам дагуух худалдааны төвүүд, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, “Мишээл экспо” зэрэг газрыг дөрөвдүгээр сарын 26-ны баасан гаригт амарна. 27-ноос энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Монголд саатсан зочдыг явах өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд “Мишээл экспо” төв дахин амрах юм.
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд
Бага хурлын төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахиулах болон гэмт хэргээс сэргийлэх үүднээс Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд 120 ажилтан явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллах юм байна.