
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавезийн бодлогыг дэмждэг Николас Мадуро, сөрөг хүчний тэргүүн туршлагатай улстөрч Энрике Капхилес нар нэр дэвшсэн. Яг энэ тохиолдолд санал өгч буй иргэд “Хэнд нь итгэл хүлээлгэх талаар сайн мэдэхгүй, эргэлзээтэй байсан” талаар хэвлэлүүд онцолсон юм. Сонгууль болохоос яг нэг өдрийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр нь У.Чавезыг төрийн өндөрлөгөөс түлхэн унагах гэсэн империалистуудын оролдлого бүтэлгүйтсэн түүхэн өдөр.Нөгөө талаасаа Н.Мадуро Ерөнхийлөгч асан У.Чавесын шарилд хүндэтгэл үзүүлж, түүнийгээ үндэсний телевизээр шууд дамжуулсан нь “Сонгуулийн сурталчилгаа боллоо” хэмээн сөрөг хүчин Энрике Капхилес эсэргүүцсэн. Тус улсын хуулинд сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө буюу 24 цагийн өмнө сурталчилгааны ажил бүрэн зогссон байх ёстой аж.
Санал хураалт У.Чавезийн нам болох Социалист намаас нэр дэвшсэн Николас Мадурогийн ялалтаар өндөрлөсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Түүнийг албан ёсоор Венесуэль улсын Ерөнхийлөгчөөр томилох тухай тус улсын дээд албаныхан мэдэгдэж, шинэ Ерөнхийлөгчийг хүлээн авах ажлыг хийж эхэллээ. Николас Мадуро У.Чавезийг нас барсны дараа яагаад Ерөнхийлөгчийн байр суурийг түр эзэлсэн нь сонгуулийн үр дүн баталсан. Гэхдээ санал хураалт тун өрсөлдөөнттэй болсон юм. Мадуро 50.7 хувийн санал авсан бол ардчилсан үзэлтэй өрсөлдөгч Э.Каприлес 49.1 хувийн санал авсан аж. Сонгуулийн урьдчилсан шатны санал тоолох явцад “Мадуро ялалт байгуулах нь тодорхой боллоо. Саналын илүүтэй явж байна” хэмээн ард түмэнд, дэлхий нийтэд мессеж өгсөн. Улмаар сонгуулийн дүн тодорхой болсны дараа Мадуро ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, цаашид улсынхаа үлгэр дууриалал болсон сайн Ерөнхийлөгч байхаа амласан юм. Мөн тэрбээр өрсөлдөгч Э.Каприлест хандан “Баяр хүргье. Үнэ-хээр хүчтэй өрсөлдөгч байлаа. Цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье” хэмээн түүнийг хүндэлж ёсолсон аж. Жирийн нэг автобусны жолооч байсан гэх Мадуро ийнхүү улсынхаа Ерөнхийлөгч болж байгаад хэн ч гайхахгүй байгаа бололтой.
Харин Ардчилсан намынхан дээрх саналын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Венесуэлийн сонгуулийн саналыг дахин тоолохоор болсон. Ардчилсан үзэлтэй Э.Каприлес санал хураалтын дүн дэндүү бага зөрөөтэй байгаагаас үүдэн сонгуулийн санал хураалтанд эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Үүнээс болж сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал хоёр өдрийн турш үргэлжилж 14 хүн амиа алдаад байгаа харамсалтай үйл явдал болов. Саналын хуудсыг дахин тоолох, Э.Каприлесийн төлөө хэдэн хүн санал өгснийг бодитойгоор олон нийтэд дэлгэхийг Ардчилсан намаас шаардсан юм. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Венесуэль улсын цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн яаралтай арга хэмжээ авч, жагсаалыг тараах гэж оролдсон боловч нийгэмд эмх замбараагүй байдал хэд хэдэн удаа гарсан талаар CNN агентлаг мэдээлсэн.
Хамгийн хачирхалтай нь жагсаал цуглаан болж өнгөрсөний маргааш өглөө нь нутгийн ихэнх газруудад бороо орсон аж. Үүнийг “Уго Чавезийн нулимс” хэмээн нэрлэсэн хэсэг хүмүүс саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан байна. Тэд “Өглөөний бороо бол талийгаач Уго Чавезийн нулимс. Түүнийг нас барсанаас хойш манай улсад иймэрхүү төрлийн жагсаал болоогүй. Өмнө нь ч болж байгаагүй. Энэ бол тэнгэрийн дохио” хэмээн ярьжээ. Энэ үед Ерөн-хийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Николас Мадуро саналын хуудсыг дахин тоолохыг зөвшөөрч, өөрийнхөө ялалтанд бат итгэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн. Тиймээс сөрөг хүчийг дэмжигчид дахин жагсаал гаргаагүй юм. Улмаар тус улсын сонгуулийн хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хуудсыг дахин тоолох ажилд орсон юм. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар сөрөг хүчний Каприлес, Ерөнхийлөгч агсан Уго Чавестай өрсөлдөж, дөрөвхөн хувийн саналын зөрүүтэйгээр ялагдаж байсан нь өнөөдрийн санал хураалтын дүнгээс хол зөрөхгүй гэдгийг баталж буй.
Хэрвээ Мадуро албан ёсоор тус улсын Ерөнхийлөгч болохоо баталж, бүх зүйл хууль дүрмийн дагуу болох юм бол олон услын зүгээс түүнд баяр хүргэж эхэлнэ. Эцсийн байдлаар дахин санал тоолох дүн гараагүй байгаа нь ард түмнийх нь дунд хүлээлтийг бий болгож буй. Ажиглагчид Мадурог “У.Чавезийн хэмжээнд, түүний бодлогыг яг таг үргэлжлүүлж, ард түмний бэлгэ тэмдэг болж чадах уу” гэсэн яриаг нийгэмд тараасан. Тус улсын хэвлэлээр ч энэ талаар онцолсоор байна. Бүтэн 12 жилийн турш У.Чавезийн намтай нэгдсэн сөрөг хүчний хүмүүс намаасаа гарч дахин сөрөг хүчин байгуулах тохиолдол сүүлийн 3-4 жилд багагүй гарсан. Нөгөөтэйгүүр Мадурогийн бодлого намыг эргэн нэгтгэх, шинэ удирдагчтай болсон гэдгийг ард түмэнд ойлгуулахыг хичээж байгаа. Сөрөг хүчний нам болох Ардчилсан намынхан ч жилээс жилд хүчирхэгжиж байгаа гэдгийг болж өнгөрсөн сонгуулийн санал хураалтаас тодорхой харагдав. Олон жил Венесуэлийн ирээдүйг төлөөлж явсан эрх баригч намынхан өдрөөс өдөрт суларсаар байгааг түүх гэрчилж буй. Магадгүй Мадуро ард түмэнд нийгмийг арай нээлттэй, эрх чөлөөтэй байлгах бодлого явуулах юм бол түүнийг дэмжигчид нэмэгдэх байх. Энэ бүхэн түүний хийх үйл хэрэг, явуулж буй бодлогоос шууд хамаарна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин