Супер лигийн тойргийн тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Супер лигийн тойргийн тоглолтууд өндөрлөлөө

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер лигийн тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Плэй-оффын сүүлийн буюу  дөрөвдүгээр байрны төлөөх шийдвэрлэх тоглолт өчигдөр болж, “SBL Хүлэгүүд” эцсийн мөчид “Баянзүрх Буллз”-ыг буулган авч, эрхээ авлаа

“SBL Хүлгүүд” плэй-оффт орлоо

Улирлын турш сонирхолтой өрнөсөн Үндэсний Супер лигийн тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Энэ өдөр хожсон нь дөрөвдүгээр байраар плэй-оффт шалгарч, хожигдсон нь тэмцээнээс хасагдах шийдвэрлэх тоглолт “SBL Хүлэгүүд” болон “Баянзүрх Буллз” багуудын хооронд болсон.

Тэмцээний плей-оффд шалгарахын төлөө багууд тоглолтын эхнээс тун ширүүн өрсөлдсөн. Эхний үед лигийн онооны лидер “Буллз”-ын довтлогч Т.Санчирын довтолгоо бүр амжилтанд хүрч, 16 оноо авсан. Мөн “SBL Хүлэгүүд” ч энэ тоглолтод бэлэн гэдгээ харуулж, самбарын тоглогчид болох Кларк, З.Дэлгэрням нар 20 оноо авсан юм. Ингэснээр тоглолтын эхний үед багууд тун өндөр оноо авч, 33:28-ийн харьцаатай “SBL Хүлэгүүд” багийн давамгайллаар өндөрлөсөн. Харин тоглолтын хоёдугаар үед “Баянзүрх Буллз”  оноог 54:57-ийн харьцаатай болгон ойртуулсан.

Тоглолтын шийдвэрлэх сүүлийн хагаст багуудын хамгаалалт сайжирч, гол тоглогчид нь олон алдаатай болсон. Гуравдугаар үед довтолгоо нь сэргэсэн “Баянзүрх Буллз” илүүрхэж, 82:80-ийн харьцаатай тэргүүлсэн.

Улмаар тоглолтын дөрөвдүгээр үед багуудын довтолгоо улам ширүүсч, “Буллз”-ын лидер Т.Санчир 14 оноо авсан юм. Ингэснээр Т.Санчир энэ тоглолтод 39 оноо авчээ.

Гэвч энэхүү тоглолтод 110:104-ийн харьцаатай “SBL Хүлэгүүд” хожиж, плэй-оффд оролцох эрхээ авлаа. “Хүлэгүүд”-ээс Девон Кларк 27 оноо, Б.Билгүүн 23 оноо, Крис Лосан 18 оноо, М.Бадрах 12 оноо авчээ. Ингэснээр “SBL Хүлэгүүд” плэй-оффийн нэгдүгээр байраар шалгарсан “Эрдэнэдрийлинг Ригс” багтай учраа таарлаа.

Хоёр удаа нэмэлт цаг сунгаж, “Танан Гарьд” яллаа

Супер лигийн тойргийн сүүлийн тоглолт “Танан Гарьд” болон “TLG-13” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод хоёр удаа цаг сунгасан сонирхолтой тоглолт болсон.

Тоглолтын эхний хагас 53:50-ийн харьцаатай “Танан Гарьд” хошуучилсан. “Гарьд”-аас довтлогч Ц.Азбаяр 27 оноо авч, шилдэг тоглолтоо гаргасан.

Гэхдээ тоглолтын гуравдугаар үед “TLG-13” тун сайн хамгаалж, эсрэг багтаа 13 оноо алдсан. Ингэснээр гуравдугаар үед 71:66-гийн харьцаатай “TLG-13” тоглолтыг хошуучилж эхэлсэн.

Гэсэн ч дөрөвдүгээр үе эхлэнгүүт эхний зургаан оноог “Танан Гарьд” авч, оноог тэнцүүлсэн. Улмаар цаг дуусахад есөн секунд үлдсэн мөчид “Гарьд”-ын Ц.Азбаяр холын зайн шидэлт хийснээр, оноог 87:87-гийн болгон тэнцүүлсэн. Ингэснээр нэмэлт цагт ялагч шийдэхээр болсон.

“Танан Гарьд” баг Үндэсний Супер лигийн тойргийн тоглолтуудад ийнхүү хоёр удаа хоёр дахь нэмэлт цаг сунгасан тоглолт хийлээ. “Гарьд”-ууд өмнө нь “SBL Хүлэгүүд” багтай хоёр удаа нэмэлт цаг сунган хожигдсон юм. Харин өчигдөр өмнөх энэ удаа алдаагаа давтсангүй, 114:107-гийн харьцаатай “TLG-13”-г буулган авлаа. Ингэснээр “Гарьд” гуравдугаар байраар плэй-оффт шалгарлаа. Тэд  тойргийн тоглолтуудад гурван удаа хожигдож байсан “Энержи Ресурс Харцага” багтай учраа таарсан.

Үндэсний супер лигийн тоглолтууд ирэх долло хоногт завсарлана. Харин Үндэсний Супер лигийн плей-офф дөрөвдүгээр сарын дөрөвдүгээр сарын 29-ний даваа гарагт 18:00 цагт  Спортын төв ордонд эхэлнэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж