![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/18b5fb38eb83e3ed/e52ca6ce03e3aa36original.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлаар үргэлжилж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат “2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байсан түүх давтагдах гээд байна. Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ажиллах боломж олгосон бол өнөөдөр газар аваад байгаа энэ авлигын асуудал яригдахгүй байсан гэж ойлгодог. Тэгэхээр Засгийн газар авлигатай тэмцэж байгаа эрч хүчээ бууруулж болохгүй. Энэ Засгийн газрыг ядаж нэг жил ажиллуулж байж огцруулах асуудлыг хөндөж тавьсан нь дээр. Авлигатай тэмцэх талаар хэдэн үг хэлмээр байна. 14 тэрбумын хэрэг гээд байгаа чинь эцэстээ ард түмний мөнгө. Үүний араас хөөцөлдөж байгаа хүн байна уу. МИАТ байна, дайны эрсдэл нэрээр баахан мөнгө угаачихсан. Тоочоод байвал татвар, эрүүл мэндийнх гээд өчнөөн хэргүүд ар араасаа цуварч байна. Тиймээс Засгийн газар авлигатай тэмцэх ажлынхаа эрч хүчийг алдагдуулж болохгүй. Огцруулах асуудал тавьснаас болж таны эрч хүч буурах юм биш биз. Өнөөдрийн Засгийн газрыг өндөг шиг өөгүй гэж хэлэхгүй ч өмнөх Засгийн газруудаас хавьгүй дээр. Үүнээс гадна тендерүүд чинь зарлагдахгүй маш их удаж байна. Тендерийг шахаж шаардаад байхад ерөөсөө зарлагдахгүй байна яагаад цаг алдаад байна вэ” хэмээв.
Үүний хариуд Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ онд худалдаа үйлчилгээний хувьд нийт 350 орчим тендер зарлагдах ёстой байсан. Зарим тендерийг Засгийн газарт санал оруулж байна. Заримыг нь орон нутагт шилжүүлсэн. Зарлагдаагүй тодорхой тендерүүд зураг төсөлтэй, УИХ дээр орж ирээд гишүүд баахан мөнгө тавиулсантай холбоотойгоор зарлагдахгүй байж магадгүй. Яг хаанаа гацаж байгааг нь судалж шалгаж үзээд танд тодорхой хариулт өгье” гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ