“Авьяаслаг британичууд”-ын шинэ од

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг британичууд”-ын шинэ од

Зөвхөн Их Британи төдийгүй дэлхий даяар үзэгчдийн сонирхлыг татсан  шоунуудын нэг “Авьяаслаг британичууд”-ийн ээлжит шинэ цуврал энэ сарын 13-нд эхэлсэн билээ. Тэмцээн эхэлсэн даруйд өвөрмөц содон авьяасаар үзэгчдийг гайхашруулж, шоуны чимэг болсон оролцогчид дэлхийн од болох эхний алхмаа тавьсаар. Тэгвэл, шоуны ээлжит дуулианы эзнээр 11 настай Ариксандра Либантино гэх охин тодроод байна.

Тэрээр шоуны эхний шатны шалгаруулалтад Америкийн нэрт дуучин Женнифер Хадсоны “One Night Only” дууг дуулж, танхим дүүрэн үзэгчид, шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлж чаджээ. Английн Зүүн Мидлэндсийн Ноттингем хотоос ирсэн бяцхан охиныг дуулж эхэлмэгц л танхимд дүүрэн үзэгчдийн уулга алдалт, алга ташилт нижигнэж эхэлсэн гэнэ. Үзүүлбэрээ дууссаны дараа Саймон Коуэлл тэргүүтэй шүүгчид бяцхан охинд баяр хүргэж, “Бурхан минь чи үнэхээр гайхалтай. Бидэнд энэ их сэтгэл хөдлөл, гайхалтай мэдрэмжийг бэлэглэсэн чамд маш их баярлалаа” гэх зэргээр Ариксандра охинд магтаалын үгс харамгүй хайрлажээ. Либантиногийн “One Night Only”-ийг дуулсан бичлэг олон сая хэрэглэгчтэй онлайн ертөнцөд мөн хит болж байна.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж