Монголд хөрөнгө оруулагчид Лондонд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулагчид Лондонд хуралдаж байна

Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2013 Их Британийн Лондон хотноо болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалт гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн компаниудын бизнес загвар, хөрөнгө оруулалтын орчин болон Европт хөрөнгө босгох замаар Монголд хөрөнгө оруулах зарчмын талаар үндсэн ойлголт өгөх зорилготой.

Чуулга уулзалтад Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Монгол банкны захирал Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат мөн “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Кэмерон МакРэй, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Чингис хаан, Хубилай хаан номын зохиогч Жон Манн болон гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна. 

Чуулга уулзалтын албан ёсны сайтад бичсэнээс үзвэл эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын орчин сэдвийн хүрээнд Эдийн Засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, хөгжлийн хэтийн төлвийн асуудлаар илтгэл тавьж, улс орны өмнө тулгарч буй макро эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаа болон өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хууль эрхзүйн орчинд гарсан өөрчлөлт, түүний зайлшгүй үр дагавар, мөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр эдийн засгийн хөгжлийн хэтийн төлвийг хэрхэн харж байгаа талаарх дүгнэлтээ танилцуулжээ.

Чуулга уулзалтад “Firebird Management”-ийн үүсгэн байгуулагч, менежер Жеймс Пассин Монголын Засгийн газраас явуулж буй бодлого бизнесийнхэнд хэрхэн нөлөөлж буй талаар болон хамгийн ашигтай уул уурхайн төслүүд, Монголд хөрөнгө оруулах боломж болон хоёр оронтой эдийн засгийн өсөлтийн ашиг тус, эрсдэлийн талаар илтгэл тавьсан байна. Жеймс Пассин нь Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад 2011 оноос хойш оролцож байгаа хүмүүсийн нэг юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Монголын Засгийн газартай одоо ч маргаантай байгаа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Кэмерон МакРэй уулзалтын эхний өдөр Монголын говь дахь алт зэсийн асар том төслийн үр ашиг, бүтээн байгуулалтын явц, төслөөс уул уурхайн салбарт бий болох гарц, Оюутолгойгоос бусад төслийн явц болон түүхий эдийн үнийн тогтворгүй байдал алт, зэсийн томоохон төслүүдэд цаашид хэрхэн нөлөөлөх талаар ярьжээ.

Чуулга уулзалтын үеэр хөндөгдөх хамгийн том асуудал нь өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх бололтой. Батлагдаад жил ч болоогүй энэ хууль Монголд хөрөнгө оруулагчдыг үргээж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулсан гэх шүүмжлэлийн бай болоод байгаа билээ. Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дахин нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны УИХ-аар анхны хэлэлцүүлгийг явуулсан уг хуулийн төслийг хөрөнгө оруулагчид рекламдаж байгаа шигээ сайн төсөл биш гэж бичиж байна.

Уг хуулиар гадаадын стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газраар дамжуулан авах тухай заасан нь хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байгаа аж. Parliament.mn сайтад бичсэнээр стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аар 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Харин хөрөнгө оруулагчид энэ өөрчлөлт нь гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчийг зөвшөөрөл авах түвэгтэй шат дамжлагаас чөлөөлөхгүй бөгөөд заавал Засгийн газраар хэлэлцүүлж эсвэл Эдийн засгийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзжээ.

Уг хуулийн хэрэгжилтээс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар дээрх хуулийн  5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түр зогсоожээ.

Н.ЭНХ
Эх сурвалж: mongoliainvestmentsummit.com
Lexology.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж