Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр 21 гишүүн Ерөнхий сайд болон Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг танилцуулсан гишүүдээс асуулт асууж, хариулт авч, 25 гишүүн өөрийн байр суурийг илэрхийлэн үг хэлсэн хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулгадаа дурдсан. Тэрбээр цааш нь,
“Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч байгаад анхаарлаа хандуулах, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэх асуудалдаа дүгнэлт хийх, төрийн албан хаагчдын томилгоог хуулийн дагуу хийх, ёс зүйн алдаа гаргахгүй байх, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарлахгүй байх, Монгол Улсын гадаад бодлого, хоёр хөрш оронтой харилцах харилцаанд нааштай эргэлт гаргах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэж сануулж, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ тайлбарласан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Монгол хүний үндсэн эрх, эрх чөлөө гадаад улс орнуудад ноцтой зөрчигдөж байгаад анхаарах, аливаа асуудалд улс төржихгүй бодитой хандах, улс төрийн хүчнүүд хамтран ажиллах, бүх асуудлыг Үндсэн хуулийн маргаанд татан оруулах алхам хийхгүй байх зэрэг саналуудыг хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хоёр том нам эх орныхоо хөгжлийн эрх ашгийн төлөө нэг зүгт харж нийгмийн олон төрлийн хэсэг бүлэгт хандсан үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах шаардлагатайг сануулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Монгол Ардын намын бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг авах, гээхийн ухаанаар хандаж бүхэлд нь авч үзвэл огцруулах хэмжээний үндэслэл харагдахгүй байна гэсэн саналуудыг тус тус хэлсэн болно.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь уг саналыг дэмжээгүй” гэж танилцуулав. Үүний дараа гишүүд асуулт асуун, хариулт авч эхэллээ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслөө бэлэн болгоогүй байж яагаад тийм эрт бонд гаргаж, хүүд нь мөнгө төлж байгаа юм бэ. Хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч бизнес эрхлэгчид маш их дарамттай ажиллаж байна гэж хэлж байсан. Энэ үнэн үү хэмээн лавласан.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/cc90ac3da7a5421a/1a28e39d5d1238bdoriginal.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар, Дүн өвлөөр Чингис бондыг гаргасан хэдий ч бондын мөнгө мөнгө хүндэрч байсан эдийн засагт маш их тусаа өгсөн. Үнэ цэнтэй мөнгө. Бондын мөнгөөр хэрэгжүүлэх төслүүд бэлэн болоод ажлууд эхэлсэн. Хувьсгалын тохироо бүрдсэн гэдэгтэй адил яг тохирсон цагт нь гаргасан. Хэрвээ өнөөдөр гаргасан бол манай бондын хүү 4 биш 6-7 хувьтай байх байлаа. Нэгэнт хүү тохирсон бол тэр нь хөдөлгөөнгүй байдаг юм. Өнөөдөр гаргасан бол илүү их мөнгө алдах байлаа хэмээн хариулсан.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/7d6381bfc73296f6/1a6a76df1937894boriginal.jpg)
Бизнес эрхлэгчид дурамт учирч байгаа хэмээн хэлсэн Ерөнхийлөгчийн үгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсөн. Шинэ засаг байгуулагдсан наймхан сарын хугацаанд дарамтуудыг бүгдийг үгүй болгож амжаагүй. Харин эрс цөөрүүлэх ажлыг эрч хүчтэйгээр эхлүүлсэн гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхий сайд огцорно гэдэг Засгийн газар огцорно гэсэн үг. Засгийн газар огцорвол улс үндэстэнд том донсолгоо авчирна. Сөрөг хүчин хариуцлагатай бодож байж асуудал тавьсан байх. Засгийн газар огцорлоо гэж бодоход гадаад ертөнцийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд ямар эерэг, болон сөрөг нөлөө авчирна гэж тооцсон бэ. Та нарын үндэслэл эдийн засгийн өсөл, инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцов уу гэсэн асуултыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдод тавьсан.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-аас Ерөнхий сайдад огцруулах асуудлыг тавьсан гол шалтгааныг гишүүд, иргэд зөв ойлгож байгаа байх. Бид хууль зөрчсөн асуудлыг тавьж байгаа. Улстөрийн тогтворгүй байдал үүсэх вий гээд хууль зөрчсөнийг нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Хууль зөрчсөн үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр Ерөнхий сайд хариулж чадахгүй байна. Гэтэл хууль бус шийдвэрийн ард олон хүний амьдрал хохирч, олон сөрөг зүйл гарч байгаа. Хуулиас гадуур ажиллаж, үйл ажиллагаагаа зөвтгөхийг оролдож болохгүй гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ард түмний амьжиргаа доройтож байна. Засгийн газраас олон зүйл хийсэн гэж байгаа ч бодит байдал дээр үр дүнд хүрсэнгүй. Багануураас нүүрс зөөж хямд үнээр өгнө гэсэн ч Улаанбаатарын утааг тартагт нь тулгасан. Махны үнэ, шатахууны үнэ нэмэгдсээр байна. Валютын ханш өслөө. Та ойрын хугацаанд валютын ханшийг бууруулах уу, Мах, шатахуунны үнийг буулгах уу гэсэн асуулт тавьсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нүүрс түлдэг иргэд үнийг нь бууруулсныг зөв шийдвэр болсон гэж хэлсэн. Нүүрснээс өөр түлэх юмгүй улс өөр юу түлэх билээ. Иргэдэд очиж буй тонн нүүрсний үнийг хямдруулсан. Ингэхдээ татаас өгөөгүй. Сэтгэл гаргаад зохион байгуулалтын ажил л хийсэн. Махны үнийг хямдруулах ажилд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ ирэх 7 хоногоос дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Зарим хүнсний захууд улстөрчдийн гарт байна. Тэгээд нөөцийн мах гаргахаар тэндээ зардаггүй. Нөөцийн мах бэлтгэгдчихсэн. Гэхдээ иргэдэд бодитойгоор хүрэхгүй байх шиг байна. Бид хямд махыг иргэдэд хүргэх аргаа өөрчилнө. Шатахууны тухай томоохон ахиц гарсан. Өөрийн олборлож байгаа газрын тосоор үйлдвэрлэсэн “Монгол-93” шатахууныг хэрэглэж эхэлнэ. ОХУ-аас авах шатахууны үнийг бууруулах талаар тохиролцсон. Бас Хятад Солонгосоос шатахуун авахаар болсон. Үнэ нь нэмэгддэг байдал үгүй болно. Харин ч буурна гэлээ.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/3a403d43d0cab382/5c5ee06612d20c95original.jpg)
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын, Та төрийн албанаас хүн халахгүй, бас нэг ч хүн нэмж авахгүй гэж хэлж байсан. Гэтэл 109 хүнээр нэмэгдсэн. Хомроголон халахгүй гэсэн атал Ховд аймгийн бүх сургуул, цэцэрлэгийн эрхлэгчийн халжээ. Бичиг нь энэ байна. Захиргааны хэргийн шүүх хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрээ гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс ч албан тоот явуулсан байхад авч хэлэлцэхгүй байна. Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэхгүй болохоор доод албан тушаалтнууд ингэж байгаа хэрэг үү. Хариулт өгөөч хэмээсэн асуултад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хоосон тоо ярьж хэрэггүй ээ. Нэг ч хүнээр орон тоо нэмэгдүүлэхгүй гэсэн, нэмээгүй. Ховд аймгийн Дарви суманд хоёр хүн маргалдаад нэгнээ халсан тухай надад яриад яах вэ. Шинэчлэлийн Засгийн газарт хүмүүсийг халах бодлого байхгүй. Ховдын хүмүүсийг би халаагүй. Тийм мэдэл байхгүй. Хууль зөрчөөд байгаа бол тэр хүмүүстэй хариуцлага тооцуул л даа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал дээр ярьж Засаг даргатайгаа хариуцлага тооцох хэрэгтэй. Хөдөө баг дээр болсон зүйлийг хүртэл надад холбож наах хэрэггүй. Ховдод болсон үйл явдалд та бүхэн санаа тавь. Би ч асуудлыг судалья гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Шатахууны үнэ удахгүй буурна, цаашид өсөхгүй гэж хэлсэн. Тавдугаар сараас хойш дахиад өсвөл ямар хариуцлага хүлээх вэ гэж лавлаж байв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шатахууны үнийг буулгадаг хүн би биш. Мэдээж дэлхийн зах зээлийн үнийг дагана. Гэхдээ бид сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй шатахуун хэрэглэв ээ. Засгийн газар иргэдийн халааснаас гарч буй илүү зардлыг хэмнэхийг хичээж байна. Бодлого явуулаад шатахууны үнийг бодитой бууруулж чадна. Намар нүүрсний үнийг бууруулах үед хийж чадах уу гэж хэлж байсан. Гэхдээ сэтгэл байвал хийж болдог юм гэсэн хариултыг өгсөн.
Чингис бондын мөнгөөр хийж ажлын төлөвлөгөө гарсан уу. Чухам ямар ажлууд хийгдэх вэ гэсэн гишүүдийн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бэлэн болон ажил эхэлж байгаа бөгөөд 2013 онд зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажлыг гүйцэтгэнэ. Дорнод, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1400 км зам тавина. Энэ ажилд 570 тэрбум төгрөг зарцуулна гэж тайлбарлалаа. Түүнчлэн Тавантолгойгоос урагш, зүүн тийшээ 1800 км төмөр зам барих ажлын эхний санхүүжилтэд 200 сая ам.доллар зарцуулах юм байна. Мөн Тавантолгойд эрчим хүчний эх үүсвэрийг барих гэх зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотод “Гудамж” төслийг хэрэгжүүлэх ажил эхлэл шатандаа орж байгаа юм байна.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар гишүүдийн асуулт хариулт үргэлжилнэ.