ФИЛА бөхийн спортыг хөгжүүлэх гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

ФИЛА бөхийн спортыг хөгжүүлэх гэрээ байгуулжээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/ спортын чиглэлээр зөвлөх үйл ажиллагаа явуулдаг “TSE Consulting” компанитай бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээг 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажээ.

Уг гэрээнд ФИЛА-гийн үйл ажиллагаа болон бөхийн спортод өөрчлөлт хийхдээ олон нийтэд хэлэлцүүлэг, ярилцлага явуулж гарсан санал бодлыг тусгахаар заажээ. Бөхийн спортыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд үндэсний холбоодын саналыг авч, бүтцийг боловсронгуй болгох нь зорилго хэрэгжихэд дөхөм болно гэж үзэж байна.

“TSE Consulting” нь зарим спортын төрлийн стратегийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр олон улсын төдийгүй үндэсний спортын холбоодтой хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан компани юм. Тухайлбал Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой хамтран ажиллаж, хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байсан юм. Мөн байт сурын спортыг дэлхий даяар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байжээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович:

-Бидэнд холбоогоо шинэчлэх, бөхийн спортын саруул сайхан ирээдүйг баталгаатай болгох шаардлага байна. Бидний өмнө тулгараад байгаа өөрчлөлтүүдийг зөв хийхийн тулд өнөөдөр урт хугацааны стратегийн төлөвлөгөө хэрэгтэй байна. Тус зөвлөх компани нь спортын бусад олон улсын байгууллагуудтай хэлэлцэж туршлагыг нь судалж өөрчлөлтүүд хийх олон санаа, эх сурвалжийг хэлж өгөх байх. Мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах болсон нь бөхийн спортын хувьд азтай хэрэг бөгөөд бөхийн ирээдүйд маш их үр дүн өгнө гэдэгт итгэж байна гэж онцлон дурдсан байна.

Мөн “TSE Consulting” компанийн дэд захирал Ларс Хае-Петерсен:

-Хөгжлийн шинэ стратеги боловсруулах болсон нь бидний хувьд бөхийн спортыг төдийгүй дэлхий даяар спортыг хөгжүүлэхэд гайхалтай сайхан боломжийг нээж өгч байна гэж бодож байна. Спортыг шинэчлэх, үзэгчдийг нэмэгдүүлэх нь манай ойрын жилүүдэд тавьж байгаа гол зорилго юм. Стратегийн төлөвлөгөө гаргах нь өөрчлөлт хийх бөөн үүрэг хариуцлага гээд аль ч спортын хувьд хэцүү ажил байдаг. Бөхийн спортынхон өөрчлөлт хийхэд бэлэн байгаа болохоор бид та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна гэжээ.

“TSE” буюу “Total Sports Entertainment” нэртэй АНУ-ын компани нь 1984 онд байгуулагдсан. Спортын үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани ажээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж