-УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Энэ жилийн тэмцээн юугаараа онцлог байв?
-Баярлалаа. Хоёр жил дараалан түрүүлж цолоо хамгаалсандаа баяртай байгаа. Энэ жил их мастер болсныхоо дараа түрүүлж байгаа нь сайхан санагдаж байна. Миний хувьд УАШТ-д 13 өрөг тоглосноос 10 хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор аварга боллоо. Энэ жилийн тэмцээнд өсвөр үеийн залуу тамирчид олноор оролцсоноороо онцлог болсон. Шатарчдын бэлтгэл жигд байлаа.
-Хэнтэй хийсэн өрөг хамгийн хүнд байв?
-Дөрөв дэх тавилд их мастер Ц.Батчулуунтай хийсэн өрөг нэлээд хүнд болсон. Бид өсвөр үеийн УАШТ-ээс хойш олон жил өрсөлдөж байна.
-Та УАШТ-д ганцхан удаа хожигдсон. Тэр тоглолтын талаар ярихгүй юу?
-Фиде мастер У.Насанжаргалтай тавдугаар тавилд тоглоход илүү явж байгаад хожигдсон. Өөрийн алдаанаас болж хожигдсон болохоор тэгтлээ харамсаагүй. Гэхдээ ялагдалдаа дүгнэлт хийж байгаа.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д хэд дэх удаагаа оролцсон бэ?
-Миний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д анх 16 настайдаа оролцож байсан. Үүнээс хойш 10 жил тасралтгүй оролцсон.
-Таныг УАШТ-д дөрөв дэхээ түрүүлснээр гавьяат тамирчин Л.Мягмарсүрэнгийн амжилттай зэрэгцлээ гэж багш нар ярьж байна билээ?
-Л.Мягмарсүрэн гуай шатрын анхны гавьяат тамирчин. Тэрбээр УАШТ-д өмнө дөрвөн удаа түрүүлж байсан юм байна билээ. Харин одоо миний өмнө нь гавьяат тамирчин Б.Хатанбаатар ах найм, фиде мастер Ж.Лхагва гуай зургаан удаа түрүүлсэн амжилттай яваа. Миний хувьд цаашид улсын аваргын олон түрүү байгаа гэж боддог.
-Өнгөрсөн жил шатрын 40 дүгээр олимпиадад амжилттай оролцож, Монголын зургаа дахь их мастер болсон. Их мастер болоход ямар санагдаж байв?
-Би шатрын спортоор 17 жил уйгагүй хичээллэсний үр дүнд энэ том амжилтад хүрлээ. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимп, дэлхийн аварга болох байдаг. Тэгвэл шатарчдын мөрөөдөл их мастер болох. Мөрөөдлийнхөө зах зухаас атгасан. Миний хувьд Стамбулд нэгдүгээр ширээнд тоглож, 5.5 оноо авч их мастерийн болзол хангасанд баяртай байна.
-Та олимпиадад хэдэн удаа оролцсон бэ?
-2006 онд Италийн Туринд болсон 37 дугаар олимпиадад анх удаа оролцож байсан. Түүнээс хойш 2008 онд Германы Дрезденд, 2010 онд ОХУ-ын Ханты Мансийскэд, өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон тэмцээнд оюунаа сорьсон. Сүүлийн гуравт нь нэгдүгээр ширээнд тоглоод байгаа.
-Өнгөрсөн жилийн олимпиадад ямар зорилго тавьж оролцсон бэ?
-Өмнө нь гурван ч удаа оролцож байсан болохоор тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан. Хариуцлага өндөр байсан. Ямар ч байсан их мастерын нэг балл авах зорилготой байсан. Харин зорилгоо ахиулж, шатрын хамгийн том тэмцээнээс хоёр балл авч, их мастерын болзол хангасан юм.
-Их мастерын болзлыг гурван балл авч хүртдэг. Таны хувьд өмнөх нэг баллаа ямар тэмцээнээс авч байв?
-2011 онд Улаанбаатар хотод болсон Чин ван Ханддоржийн нэрэмжит олон улсын тэмцээнээс их мастерын анхны баллыг авч байлаа.
-Олимпиадын нэгдүгээр ширээнд улс бүрийн хамгийн шилдэг гэсэн шатарчид тоглодог. Хаанахын хэнтэй хийсэн өрөг хүнд байв?
-Тийм ээ. Нэгдүгээр ширээнд орон орны нэг номерийн шатарчид өрсөлддөг.
Өнгөрсөн жилийн тэмцээнд гэхэд Армениас Левон Арониан, АНУ-аас Хикарү Накамүра, ОХУ-ын Владимир Крамник, Англиас Мишель Адамс, Болгараас Веселин Топалов, Украиний Василий Иванчук, Латвиас Алексей Широв, Израилиас Борис Гелфанд, Унгараас Петер Леко гэсэн 2700-гаас дээш оноотой супер их мастерууд улсынхаа нэгдүгээр ширээнд тоглосон юм. Миний хувьд нийт есөн өрөг тоглож, дөрөв хожиж, гурав тэнцэж, хоёр удаа хожигдсон. Хүнд хэцүү өрөг гэвэл хожигдсон хоёр тоглолтоо нэрлэнэ. Хоёрдугаар өрөгт АНЭУ-ын их мастер Салем Салехтай хийсэн тоглолтод хожих боломж байсан. Анхны тоглолт байсан болохоор хожих гэж хэтэрхий шатаад хожигдсон тал бий. Харин тавдугаар тавилд дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгддэг Молдавын их мастер Виктор Бологанд хожигдсон.
-Стамбулд тоглосон шатарчидтай өмнө тоглож байв уу?
-Сүүлийн өрөгт хүч үзсэн Катарын нэг номерийн шатарчин Аль Мохамед Модиакитай урьд нь хоёр тоглож, хожил, хожигдлын харьцаа адилхан байсан. Харин энэ удаа эвийн гэрээ байгууллаа. Бусадтай нь анх удаа тоглосон.
-Шатрын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би зургаан настайдаа шатрын спортоор хичээллэсэн. Шатраар хичээллээд 18 жил болж байна. Миний анхны багш талийгаач фиде мастер Х.Сүрэндорж. Багш маань гурван жилийн өмнө өөд болсон.
Одоо ид тоглож байгаа фиде мастер Г.Мөнхгал бид хоёр Х.Сүрэндорж багшийнхаа анхны шавь. Багшийн маань орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Шавь нартай маш өндөр шаардлага тавьдаг байсан. Тиймээс бид том амжилт үзүүлж байгаа хэрэг. Өнгөрсөн жил их мастер болоод багшийнхаа ачийг бага ч болтугай хариулсан байх гэж бодож байна. Би амьдралдаа хоёр удаа маш их уйлсан. Хайрт багшийгаа бурхан болсон тэр өдөр, их мастер болсон өдөр.
-Багшийн тань орон зайг хэн ч орлож чадахгүй. Одоо хэний удирдлага дор бэлтгэл сургуулилалт базааж байна вэ?
-Тийм ээ. Багшийг маань хэн ч орлож чадахгүй. Одоогоор надад үндсэн багш гэж байхгүй. Гэхдээ надад шигшээ багийн багш нар, ах нар маань олон сайхан зөвлөгөө өгдөг. Мөн надад тусалж дэмждэг нутгийн олон сайхан ах байгаа. Тэднийхээ ач тусыг мартах учиргүй гэж бодож байна.
-Тоглохыг хүсдэг шатарчин бий биз дээ?
-Тийм ээ, энэ жилийн дэлхийн үнэмлэхүй аваргын төлөө өрсөлдөхөөр болсон шатарчдын дэлхийн чансааг тэргүүлж буй Норвегийн Магнус Карлссон, дэлхийн аварга Энэтхэгийн Вишванатан Ананд нартай тоглохыг хүсдэг.
-Ойрд ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Зургадугаар сард БНСУ-ын Инчон хотод болох Азийн танхимын спортын наадам, долдугаар сард ОХУ-ын Казаньд болох оюутны “Универсиад” их наадам хүлээж байна.
-Таны хувьд оюутны дэлхийн аварга болсон байх аа?
-Тийм ээ. 2010 онд Италийн Туринд болсон оюутны ДАШТ-д багаараа түрүүлж байсан. Тэгэхэд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг бид гурав Туринд оролцсон юм. Б.Мөнгөнтуул хувийн төрөлдөө алтан медаль авсан. Их мастер Т.Батчимэг сайн тоглосон. Харин би эхний өдөр онгоц хойшилсноос сайн тоглож чадаагүй. Гэхдээ гурвуулаа багийн дүнгээр оюутны дэлхийн аварга болсон.
-Таны цаашдын зорилго?
-Ямар ч байсан тэр бүр хүмүүсийн хүсээд байдаггүй их мастер цолыг авлаа. Одоо “А” зэрэглэлийн том тэмцээнд хүч үзэж, оноогоо 2700 дээш болгон супер их мастер болох зорилготой. Би өнгөрсөн жил Стамбулд нэг зүйлийг ажигласан. Олимпиадын аварга болсон Армен улс 2.5 сая хүн амтай. Тиймээс Монгол Улс оюуны спортод анхаарч, дэмжээд өгвөл дэлхийн аварга цол ойрхон байгаа гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин