Хөрөнгө оруулалтыг шигшиж, хөөсрөлийг дарах ёстой

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтыг шигшиж, хөөсрөлийг дарах ёстой

“Standard Poor"s” компани Монголын зээлжих зэрэглэл BB үзүүлэлтээс нэг үе доошилж, BB- зэрэглэлд хүрснийг хоёр өдрийн өмнө зарлажээ. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулахад төдийлөн ашиггүй, зээл олгоход мөн хэрээр эрсдэлтэй гэсэн багцааг эдийн засгийн үзүүлэлтээр илэрхийлж буй үнэлэмж юм.  Үүнд улс төрийн тогтворгүй байдал, тэр дундаа сүүлийн өдрүүдэд хурцадсан Засгийн газрыг огцруулах асуудал нөлөөлсөн гэж үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Улаан мэдэгдлээ. Гэхдээ үүнд улс төрөөс гадна эдийн засаг, эрхзүйн орчин илүү нөлөөлсөн нь ойлгомжтой юм.

Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан, экспорт буурсан, уул уурхайн үйлдвэрлэл саарсан зэрэг бодитой шалтгаанууд үүнд нөлөөтэй гэсэн үг. Гадаад зах зээлд Монголын талаар таагүй дохио болон очиж буй эдгээр уналтууд харин дотоодод сайн үр дагавартай байж болно гэж Ч.Улаан үзэж байна. Яагаад?

Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2010 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч өссөн. Харин 2012 онд энэ хэмжээ 3.8 тэрбум ам.доллар болж буурсан байна. Үүнд Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэдэг үндэслэл шийдвэр гаргах төвшинд түлхүү яригдаж буй. Тийм ч учраас уг хуульд өөрчлөлт оруулах төсөл Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцэгдэж байгаа. Харин Сангийн сайдын хувьд энэ нь эргэлзээтэй үндэслэл. Хэрэв хуулиас болсон гэж буй бол яг ямар заалтаас үүдсэн байж болох вэ гэдэг асуултад тэрбээр арай өөр үндэслэл хэлж байна.  Түүгээр ч зогсохгүй хөрөнгө оруулалт буурсан нь харин шүүлтүүр, шалгуур болж буй сайн үзэгдэл гэв.

Дээрх хуулийн хүрээнд  стратегийн салбар буюу уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулах тохиолдолд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч төрөөс зөвшөөрөл авах зохицуулалт өнгөрсөн оны тавдугаар сараас үйлчилж эхэлсэн. Үүнээс хамаарч, хөрөнгө оруулалт тэгтэл буурахгүй гэсэн итгэл үнэмшил Сангийн сайдад байгаа аж. Харин уг хуульд “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан хоёр талд ашигтай байх зарчимд нийцүүлэн Тогтвортой байдлын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна” гэж тусгасан нь Монголын баялгийг богино хугацаанд хуу хамаад гарахаар хомхойрч байсан гадаадынханд цохилт болсон гэж ноён Ч.Улаан үзэж байна. Түүнийхээр бол 2011, 2012 онд хөрөнгө оруулалт тэгтлээ өссөний цаана ямар компаниуд Монгол руу хошуурсныг заавал анзаарах ёстой аж. Ашгийг нь богино хугацаанд хамж аваад гарах тооцоотой компаниуд гэсэн ангилал үүний цаана ажиглагдаж буй бөгөөд тэдгээрийн тоонд Оюутолгойн хөрөнгө оруулагч, Тавантолгойн худалдан авагчдыг тэрбээр шууд нэрлэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэрээнд тусгагдсанаас хоёр тэрбумаар хэтэрч, үүнээс үүдээд Монголын талын өр нэмэгдэж, ашгаа авах хугацаа 30 жилээр хойшилсон. “Чалко”-гийн хувьд Баруун Цанхийн ордын нүүрсийг зах зээлийн ханшаас тонн тутамд 20 ам.доллараар хямдаар тооцож авахаар гэрээлсэн. Өнгөрсөн хоёр жилд нийтдээ 170 сая ам.долларын нүүрсийг гэрээний дагуу нийлүүлсэн бөгөөд тонн тутмын 20 ам.долларын зөрүүгээс болоод 40 гаруй сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Гэрээнд тусгасан үнээр дахиад 180 сая ам.долларын нүүрс нийлүүлэх ёстой ба энэ тохиолдолд алдагдал дахиад 60 сая ам.доллар болохоор байгаа аж.

Засгийн газар уг гэрээний асуудлаар Хятадын талтай хэдэнтээ ярилцжээ. Монголын Засгийн газраас тавьсан санал бол 180 сая ам.долларыг бэлнээр эргүүлж төлөөд гэрээг цуцлах, дахиад өөр үнээр гэрээ байгуулах. Гэтэл Хятадын тал 180 сая ам.долларыг буцааж авсан ч дахиад таван жилийн хугацаанд дээрх гэрээний үнээр нүүрс худалдан авна гэдэг болзол тавсан байна. Тэгвэл таван жилээр хамаагүй нүүрсээ өгье гэхэд дахиад таван жилээр сунгана гэсэн болзол тавьж, барьцаа ахиулжээ. Одоогоор гэрээгээр нүүрс нийлүүлэлт зогссон, Оюутолгойн гэрээ ч хэлцэлд орж ажил нь зогсчээ. Уг хоёр гэрээ хэцүүдснийг дагаад бусад жижиг компаниудын үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна. Дээрх гэрээг байгуулсан өмнөх Засгийн газарт сэтгэл дундуур байгаа өнгө аясаа Сангийн сайд нуухгүй байгаа төдийгүй “Бидэнд ямар ч хамаагүй үнээр хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал юм уу. Тэгвэл үгүй” гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлэв. Өөр эрх ашигт суурилсан хөрөнгө оруулалт, үүнд хөөсөрсөн эдийн засгийн өсөлт /18%/ байсан юм биш үү гэсэн асуултыг өнөөдрийн Засгийн газар тавьж байна.

Харин одоо эдийн засгийн өсөлт буурсан ч гэлээ бодитой төвшиндөө хүрэх ёстой. Хөөсийг хэчнээн халбагадлаа ч цадахгүй шүү дээ гэж Сангийн сайд мэдэгдэж байна. Нэг үгээр бол хөрөнгө оруулалтыг шигшиж, хөөсрөлийг дарах ёстой гэв.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж