Бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны үнийн зохистой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот Барилгын ассоциацтай хамтран ажиллах болжээ. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Монголын барилгын ассоциацийн ерөнхийлөгч О.Чулуунбат нар өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. Талууд юуны өмнө нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, барилгын материалын чанар аюулгүй байдлыг хангах талаар холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн аж. Мөн барилга барих зөвшөөрөл олгохоос барилга угсралтын ажил эхлэх хүртэлх үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд оруулахыг ЗТБХБЯ, ЭБЭХЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр болов. Газраа байраар солих нөхцөлийг бүрдүүлж эхний ээлжинд Налайх, Багахангай дүүрэгт “Барилгын материалын үйлдвэрийн парк” байгуулах асуудлыг хамтран шийдвэрлэх, мөн шинээр барих орон сууцны 50 хувь нь бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй байхаар төлөвлөж байна.
П.Наран
П.Наран