Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан 2012 оны ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж шилдгүүдийг зарлалаа. Энэхүү шалгаруулалт нь улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч ТОП аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтэн жилийн үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг билээ.
ТОП-150 аж ахуй нэгжийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд энэ жилээс шинэчлэгдэж, тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг санал санаачилга үр дүнг голлон авч үзсэн юм.
Дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр манай БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК нь энэ удаад дахин ТОП-10-т шалгарч өмнөх оны амжилтуудаа бататгалаа.
Мөн Бодь интернэшнл ХХК-ын харьяа компаниудаас Банк санхүүгийн салбарын ТОП-уудын хоёрдугаар байрт ГОЛОМТ БАНК, даатгалын салбарын ТОП-уудын гуравдугаар байрт БОДЬ ДААТГАЛ ХХК шалгарсан нь бидний улс орондоо оруулж байгаа хувь нэмрийг харуулж буй хамгийн тод илрэл юм. Эдгээр амжилт нь бидний хичээл зүтгэлээс гадна нийт ажилтан, тэдгээрийн гэр бүлийнхэн, бидэнтэй үргэлж хамт байсан нийт харилцагч, хамтран ажилладаг түншүүдийн маань амжилт билээ.
Бодь Интернэшнл ХХК нь банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг, 2000 гаруй ажиллагсадтай Монголын тэргүүлэгч компаниудын нэг гэдгээ дахин баталж чадлаа. Бид оновчтой менежмент, чадварлаг, бүтээлч баг хамт олны хүч хөдөлмөрөөр бизнесийн салбар бүрт амжилттай ажиллаж байна. Энэ шалгаруулалт нь манай хамт олны цаашид хийх олон бүтээн байгуулалтад хүч нэмж дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна.