УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Хөдөө аж ахуйн газрын эрх зүйн зохицуулалтын талаарх нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2013.04.17/ Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
дарга Г.Баярсайхан., Эдийн засгийн байнгын хорооны дарга
Б.Гарамгайбаатар нар нээж, УИХ-ын гишүүн,
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Үйлдвэр хөдөө аж
ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэлтсийн дарга Б.Биньеэ, Хөдөө аж
ахуйн ухааны доктор С.Жигжидсүрэн, Г.Даваадорж нар илтгэл тавьж
хэлэлцүүлэв. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Газрын шинэтгэлийн үндэсний хороо,
Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн
яам, Нийслэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын
газар, Шүүхийн байгууллага, МУИС, ХААИС зэрэг байгууллагуудаас
холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаач, багш нар оролцсон юм. Мөн
Эрчимжсэн мал аж ахуй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, малчин, тариаланч зэрэг
120 гаруй хүн оролцож Газрын тухай хуулийн төсөлд туссан хөдөө аж ахуйн
газар буюу бэлчээр, газар тариалангийн газрын эзэмшил, ашиглалтын талаар
санал бодлоо илэрхийллээ.
Олон зууны турш Монголын нүүдэлчин малчид байгалийн нөөцөө ашиглан мал сүргээ маллаж
экологид халгүйгээр бэлчээрийнхээ унаган төрх, хэв шинжийг
алдагдуулалгүйгээр явж ирсэн. Харамсалтай нь сүүлийн 30-аад жилд бэлчээр
нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд өртөж талхлагдсан. Иймээс бэлчээрийн доройтлын шалтгаан, гарах арга замыг тодорхойлох нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна.
Бэлчээр ашигласнаас
болж доройтддоггүй, буруу ашигласнаас доройтддог. Бэлчээрийг доройтолд
оруулж байгаа үндсэн шалтгаан нь бэлчээрийн даацыг хэтрүүлж байгаа хүний
буруу үйл ажиллагаатай холбоотой. Иймд аймаг, сум, баг,
малчдын бүлэг, хэсгийн хэмжээнд бэлчээрийн менежментын төлөвлөгөөтэй
ажиллаж, бэлчээрийг жигд тэнцвэртэй ашиглахыг эрхэмлэх, таримал
бэлчээртэй болох, малыг хариулагатай болгож бэлчээр нутгаа хэсэгчлэн
хуваарилах зэрэг бэлчээрийг ашиглах олон боломж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа. Нөгөө
талаас бэлчээр ашиглах, эзэмших эрх зүйн зохицуулалт муу, бэлчээр
талхлах, доройтуулсны төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй, нэгэнт
доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх ажил хийгдэхгүй байгаа, бэлчээрийн
усан хангамж хангалтгүй байгаа зэрэг обьектив, субьектив олон хүчин зүйл
байгааг шүүмжилж, энэ байдлаас гарах оновчтой хувилбарыг сонгож
хэрэгжүүлэх талаар тодорхой саналуудыг хэлж байв.
Эх сурвалж: open.parliament.mn