Олны анхаарлыг татаж буй “Эрдэнэт”-ийн “совет”-ын хурлын талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал сүүлийн үед ихээр яригдах боллоо. Энэ удаагийн хурлаар ямар асуудлыг хэлэлцэх бол?
-Зөвлөлийн хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, үр ашиг, тулгамдаж буй асуудлын тухай ярилцана. Ялангуяа үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд цаашид инженерийн бодлогод түлхүү анхаарах асуудалд нилээд ач холбогдол өгч байгаа.
-Хэвлэлүүд “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 10 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө сул хэвтэж байгаа нь шахааны бизнесийн том жишээ гэх мэтээр бичиж байгаа. Нэг ёсондоо “Эрдэнэт”-ийн худалдан авах үйл ажиллагааг хардах хүмүүс олон байдаг шүү дээ?
-Тийм ээ. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрт одоо хамгийн тулгамдаж буй асуудал нь худалдан авах ажиллагаа. Үйлдвэр өндөр үнээр бараа, материал авдаг гэсэн шүүмжлэл бий. Энэ жилийн хувьд, “Эрдэнэт” үйлдвэрт 176 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх тооцоо гаргасан байсан. Үүнээс сүүлд нягталж үзээд, 48 тэрбум төгрөгийн худалдан авалтын хөрөнгийг хассан. Үндсэндээ 120-130 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ. Тэгэхээр үйлдвэрийн агуулахад цаашид ашиглах боломжтой сэлбэг, бараа, материал бий гэж үзсэн гэсэн үг. Энэ мэт асуудлыг Зөвлөлийн хурлаар онцолж ярилцах байх. Ер нь худалдан авах ажиллагаагаар орж ирсэн, агуулахад байгаа үхмэл байдалтай бараа, материалыг эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Ингэхийн тулд уул уурхайн үйлдвэрүүдтэй санал солилцож, нийлүүлэх боломжийг хайна. Хэрэв дахин ашиглах боломжгүй бол бараа, сэлбэг, хэрэгслийг акталж, төмрийн үлдэгдлийг хямдарсан үнээр төмөрлөгийн үйлдвэрт өгөх байдлаар шийдэж болох юм.
-ОХУ-аас ямар хүмүүс төлөөлж оролцох бол?
-Оросын талаас хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хурлаар ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудлыг хариуцсан дарга тэргүүтэй төлөөлөгчид ирнэ. Монголоос холбогдох албаныхан, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөл, мөн “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөгчид оролцоно.