Ой мод уг нь зөв ашиглаж чадвал нөхөн сэргээгдэж, дахин ургаж соёолж байдаг шавхагдашгүй баялаг. Харамсалтай нь манайхан ойгоо хайр найргүй хяргаж хаясны дээр унанги модыг ч мөнгө болгох ухаан суугаагүйгээс Монголын ой модны нөөц жилээс жилд хомсодсоор байна. Ургаа модыг огтлохгүйгээр ашиглах арвин нөөц ойд бий гэнэ. Манайхан ойн дагалдах баялаг гэхээр самар жимс, цэцэг навч, эмийн ургамлаар төсөөлдөг бол унанги мод, мөчир гишүү, хорхой шавжид идэгдэж , түймэрт автсан хэсгийг ч ойн баялагт тооцон ашиглах цаг иржээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд ойн сийрэгжүүлэлт ор тас мартагдсан гэвэл дэгсдэхгүй. Үүнээс болж ой тэлж ургаж чадахгүй мод нь давжаарч, үндэс нь шимгүйдэх болсон байна. Тиймээс ойг цэвэрлэж түүсэн хаягдал модыг буталж жижиглээд ууталж савлан худалддаг туршлагыг амьдралд нэвтрүүлж байгаагаа ҮХААЯ-ны газрын дарга Ц.Баярмаа хэлж байна. Ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал мод, цавчдас, зоргодосыг пресслэн үйлдвэрлэлд ашиглахын дээр гадагш экспортолж мөнгө болгох боломж бий гэнэ. Зоргодосыг нүүрсний хог, аргал хорголтой хольж түлшинд хэрэглэхийн дээр цавуутай хольж ДСП, ОСП хавтан үйлдвэрлэдэг туршлагыг дэлгэрүүлэх цаг болсныг мэргэжилтнүүд тодотгож байлаа. Одоогийн байдлаар “Мега вүүд” компани ойн хаягдлыг ашиглан үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Ганц энэ компани гэлтгүй бусад ойн компаниуд ойн нөхөрлөлөө түшиглэн энэ төрлийн бизнесийг эрхлэх боломжтой бөгөөд ингэснээр олон хүнийг ажлын байраар хангах юм.
Д.ЦЭЭНЭ