
Мэдээж ажил мэргэжил, албан тушаалын онцлогоосоо хамаараад харилцааны ур чадвар гэх мэт зарим нэг шалгуур нэмэгдэж байна. Гэхдээ тэр нь мэргэжлийн ур чадвар гэхээсээ илүүтэй жижүүрийн маягийн хэдэн шаардлага. Асуудал боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, хариуцлага хүлээх ур чадвартай гэх мэт. Ёстой нөгөө Итгэлт баяны “Юм мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэдэг шиг гадагшаа дотогшоо явсан, гахай шувууны мах идсэн хүмүүс харвал нүүр улайхаар л юм билээ. Ямар сайндаа л сар гаруйн өмнө болсон яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын зарыг харсан танил маань “Манай төрийн албаны сонгон шалгаруулалт гэж инээдэм юм шив дээ. Төрийн нарийн бичгийн дарга нь гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байна гэсэн байх юм. Гэтэл орос болон англи хэлний анхан шатны мэдлэг гэдэг чинь ерөнхий боловсролын сургуулиудын тавдугаар ангийн хүүхдийн түвшнийх биз дээ” хэмээж байх жишээтэй. Гэвч эл сонгон шалгаруулалт болж, мэдлэг юугаа гайхуулсан төрийн нарийнууд албаа жинхэлчихсэн нэг үгээр “Айдгаа авдартаа хийчихлээ” гээд л давхиж явна. Энэ өнцгөөс харвал манай төрийн албаныхан тавдугаар ангийн боловсролтнуудаар цус сэлбэсэн болж байна.
Гэтэл саяхан өөр нэг танил маань “Оюутолгой”-н захирлын туслах сонгон шалгаруулж авахаар зар тарааж. Гадаад дотоодын мундаг сургууль төгссөн залуус анкет бөглөөд нэг нь ч тэнцээгүй гэнэ. Манайхнаас тэр шалгуурт нь тэнцэх ганц ч хүн байгаагүй юм байх аа” хэмээн өгүүлэв. Үнэндээ “Оюутолгой” бол яах аргагүй том төсөл. Манай улстөрчдийн эдийн засгийн мэдлэгийг уралдуулж, уралцуулж дөнгөсөн. Тиймээс том гэхээс яах билээ. Гэхдээ хэдий тийм байлаа ч энэ төслийн дэргэд Монголын төр жижиг байх учиргүй. Тавдугаар ангийн түвшний мэдлэгтнүүдээр цус сэлбэх бус харин ч том, бүр том баймаар санагдаад буй юм. Жишээ болгоод хувийн компанийн ажилд авах зар, төрийн нэг яамны түшмэл шалгаруулах шаардлагыг харьцууллаа.
Монгол төрийн босго ямар хэмжээгээр намсч буйн зах зухыг ч харуулахад ийм байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
