
Холбооны мөрдөх товчооны нууц ажилтны мэдээлснээр тэсрэх бөмбөгнүүдийг зургаан литрийн эзэлхүүнтэй ердийн хайруулын тавгаар хийсэн байсан бөгөөд эхний тэсрэх бөмбөгөнд хөнөөлийг нэмэгдүүлэхийн тулд төмөр шарик, металлийн хэлтэрхийнүүд хийсэн байсан бол хоёр дахь бөмбөгөнд хадаас хийсэн байжээ. Албаныхны мэдээлснээр иймэрхүү гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөгийг лалын хэт даврагсад Афганистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсад их ашигладаг ба үүнийг хийх зааврыг Йемений аль-Кайда интернэтэд байрлуулж байсан аж. Түүнчлэн 2010 онд үүнтэй ижил тэсрэх бөмбөгийг Нью-Йоркийн “Таймс” гудамжинд байрлуулсан нэгэн автомашинд тавьсан байсныг олж, аюулгүй болгож байжээ.
Энэхүү халдлага болсон даруй Холбооны мөрдөх товчоонд дэлбэрэлтийн үед авсан зураг, видео бүхий 2000 орчим нотлох баримт цугларсан гэнэ. Мөн аймшигт халдлагатай холбоотойгоор “Twitter”-т хэдэн мянган хүн сэтгэгдэлээ илэрийлэн жиргэж байгаа бөгөөд эдгээр жиргээг жагсаавал 45 км урт цуваа үүсгэх аж.
Одоогийн байдлаар Холбооны мөрдөх товчооноос аймшигт халдлагын ард хэн байгааг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама биечлэн халдлага болсон газарт очин, нөхцөл байдалтай танилцжээ.
Бостон хотод дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон жил бүрийн уламжлалт марафоны үеэр барианы шугамнаас 91 метрийн зайнд хоёр тэсрэх бөмбөг хоорондоо 10 секундын зайтай дэлбэрсэн билээ. Үүний улмаас гурван хүн амь үрэгдсэн нь 29 настай эмэгтэй, найман настай хүү байсан бол гурав дахь нь Хятадаас Лондонгийн их сургуульд суралцаж байсан төгсөх курсын оюутан байжээ. Түүнчлэн тэсрэх бөмбөгийн улмаас 180 гаруй хүн гэмтэж шархатсан байна. Бостон хотын албаныхны мэдээлснээр энэ жилийн марафон тэмцээнд 23 мянга орчим гүйгч оролцсон гэнэ.
“СВS”-ийн мэдээлснээр маргааш буюу 18-ны өдөр Бостон хотноо хохирогчдод хүндэтгэл үзүүлэх гашуудлын арга хэмжээ болох бөгөөд үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцох гэнэ.