Энэ хэрэгт лалынхныг сэжиглэхээс гадна хэт барууны үзэл санаа руу улам бүр хэлбийж буй жижиг бүлгүүд, хувь хүмүүс буюу дотоодын алан хядагчдыг сэжиглэн шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. “Сүүлийн арван жилд АНУ алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн амжилт олсон боловч 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш үзээгүй юмаа үзлээ” хэмээн “The Washington Post” сонинд бичсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа гэж хэлээгүй ч, Цагаан ордны нэрээ хэлээгүй өндөр албан тушаалтан энэ явдлыг “Яах аргагүй алан хядах ажиллагаа” гэснийг “The Washington Post” иш татсан байна. Мөн алан хядах ажиллагаатай тэмцэх байгууллагын хуучин ажилтан тус сонинд хэлэхдээ “Бостонд болсон явдлаас “Аль Кайда”-гийнх шиг нарийн чиг зорилготой үйлдэл харагдахгүй байна” гээд “Дэлбэрэлт үйлдсэн газар нь онцгой ач холбогдолтой биш байгаагаас харахад хэргийн эзэн нь хилийн чанадтай хязгаарлагдмал холбоотой, эсвэл огт холбоогүй этгээд байж магадгүй” гэжээ.
Б.Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ-д Засгийн газрын эсрэг үзэлтэй хүмүүсийн тоо эрс өссөнийг “The Washington Post” тэмдэглэжээ. Холбооны Засгийн газрыг дарангуйлагч хэмээн үзэж ихээхэн дургүйцдэг хүмүүс тэдний эгнээг тэлсээр байгаа аж. Алан хядах явдалтай тэмцэх Вэст Пойнтын төвийн саяхны илтгэлд энэ талаар “Өөрсдийгөө хэт барууныхан гэж үздэг хувь хүмүүс, бүлэглэлүүдийн зүгээс алан хядах ажиллагаа зохион байгуулахыг оролдох, бусдад халдах явдал эрс өссөн” гэжээ.
АНУ-ын нууц албад болсон явдалд лалынхныг төдийгүй дотоодын алан хядагчдыг сэжиглэж байгааг Италийн “La Repubblica” сонин мөн тэмдэглэсэн байна. Цагаан арьстны давуу талыг сурталчилдаг этгээдүүдийг далдаас өөгшүүлж ирсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй бүлэглэлүүдийг ХМТ-ны ажилтнууд сайтар судлахын хамтаар “Аль Кайда”-тай тэмцдэгтэй адил хүчин чармайлтаар тэдэнтэй тэмцэх хэмжээнд хүрсэн хэмээн тус сонинд бичжээ. “АНУ-ын хэт барууны үзэлтнүүд иргэдийн айдас хүйдэс дээр тоглон тэднийг жижиг мөргөлдөөнд уриалж, улмаар олон нийтийн дэмжлэгийг бага багаар олсоор байна. Улс төрийн үзэл баримтлалын хувьд хэт баруун тийшээ улам бүр хэлбийсээр буй ганц ганцаараа хувь хүмүүс, жижиг бүлгүүд өнөөдөр АНУ-д терроризмын хамгийн ноцтой аюул заналын төлөөлөл болоод байгаа нь бодит баримт мөн” хэмээн “La Repubblica” сонины тоймч өгүүлжээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин