Уимбльдон, US Open, олимпийн наадам гээд 2012 онд гурван ч том тэмцээний түрүү хүртсэн Америкийн талбайн теннисийн од Серена Уильямс өчигдөр Майамид далайн эрэгт зураг авалтад оржээ. Ердөө долоо хоногийн өмнө өндөрлөсөн “Family Circle Cup” тэмцээнээс түрүү хүртсэн тэрбээр Майамид ямар нэг брэндийн сурталчилгаанд тоглосон нь гарцаагүй. Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч үргэлжид энэ талын санал хүлээж авдаг түүний хувьд ээлжит нэгэн бизнес нь бололтой юм.
Том, алтан ээмэгтэй, усны хувцастай зургаа авахуулсан Серена чухам ямар учир шалтгаанаар Майамид ийн зураг авалтад орсон тухайгаа ам нээсэнгүй.
Дэлхийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж, өөрийн карейрийг цаг ямагт өсгөдөг тэрээр хувийн амьдралын хувьд ч олны анхааралд үргэлж өртдөг. Тэрээр жүжигчин, рэпэр Common-той хайр сэтгэлийн холбоотой байсан олон жилийн харилцаагаа 2010 онд төгсгөл болгож байжээ. Харин үүний дараа жүжигчин Жакие Лонтай нэр холбогдож байсан бөгөөд өдгөө Америкийн кино найруулагч Брэтт Рэтнертэй холбоотой байгаа гэнэ.
Э.АНХТУЯА