Хүүхдийг хэрхэн үрчлүүлдэг нь нууц гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийг хэрхэн үрчлүүлдэг нь нууц гэнэ

Тархины саажилттай хүүхдийг гадныханд хэрхэн үрчлүүлдэг нь нууц гэнэ

“Тэд хэзээ ч хүн болохгүй. Тиймээс тэдний эд эрхтэнийг амьд дээр нь
мөнгөөр сольсон нь дээр”…ийм нэгэн аймшигт үгийг сэтгүүлч миний бие
олж дууллаа. Бүр тодруулбал гадаадын иргэд Монгол хүүхдийг аз жаргалтай
сайхан амьдруулна энэ тэр гэж үрчилж авсных нь дараа тэдний амьдрал адаг
сүүлдээ яг ямар болж хувирдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна.

Хариуцах ёстой төрийн байгуул­лагаас нь тусгайлан хийсэн судалгаа ч
алга. Тэгвэл “Тархины саажилттай хүүхдүүдийг гадаадынхан өсгөх гэж
үрчилдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл ийм өвчтэй хүүхдүүд хэзээ ч удаан
амьдардаггүй болохоор эрхтэнийг нь ашиглах зорилго ч байдаг. Мөн
гадаадад үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийн хувь заяа дэндүү бүрхэг байгаа”
гэсэн мэдээлэл ирсэн юм. Тиймээс энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа.

Эх сурвалжуудын хэлсэн ста­тистик мэдээллээс үзвэл гадаадын иргэд жилд
10-20 орчим монгол хүүхэд үрчилж авдаг гэсэн тоо байна. Харин Монгол Улс
1999 оноос хойш яг хэдэн хүүхдийг харь элэгтнүүдэд үрчлүүлчихвээ гэдэг
асуулт нэн түрүүнд гарч ирнэ.

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ГАДААДЫНХАНД ҮРЧЛҮҮЛЭХ НЬ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ГЭНЭ

Сүүлийн тархины саажилттай хүүхдүүдийг гадаадынхан үрчилж авдаг болсон 
талаар мэдээлэл дуулдах болоь. Чухам эл хүүхдийн гадаад үрчлэлийн
асуудлыг хариуцдаг 3-4  байгууллага  Монголд  бий. Тухайлбал Гадаадын
иргэн харъяатын асуудал эрхэлсэн газар хамгийн эцсийн шийдвэрийг нь
гаргадаг. Гэтэл эл газарт өнөөдөр нэгдсэн судалгаа, тоо гэхээр зүйл
бараг үгүй юмсанж. Тус газраас тодруулга авахаар олон нийттэй харилцах
албатайг нь холбогдоход “Хариуц­сан хүн нь байхгүй байгаа. Сэлэнгэ
аймагт томилолтоор яваа. Гол асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яамныхан мэднэ. Бүх мэдээлэл тэнд бий” гэх хариултыг өгсөн.

Бидний хөндөж буй сэдвийн хүрээнд холбогдох зарим газруудад очиход
“хариулт өгөх хүн байхгүй, мэдэхгүй” хэмээх хариулт нэлээд тохиолдсоныг
энд дурьдъя. Түүнчлэн Хүүхдийн төлөө Үндэсний газар, Гадаадын иргэн
харъяатын асуудал эрхэлсэн газар гээд эдгээр байгууллагууд асуудлаас
бултаж байгаа юм шиг “тэндээс очиж асуу” гэж чулуу хөөлгөх нь бас
харамсалтай. Хамгийн гол нь Монгол үрсийнх нь хувь заяа харь
элэгтнүүдийн дунд яаж байгааг шийдэх эмзэг асуудал энэ. Эх сурвалжуудын
хэлж байснаар тархины саажилттай хүүхдийг хэрэв үрчлүүлсэн тохиолдолд
нууцын зэрэглэлд хамаардаг аж.

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны нэр, албан тушаалаа
нууцлахыг хүссэн нэгэн мэргэжилтэн зарим тайлбарыг өгсөн юм. Тэрбээр
“Одоогоор гадаадад яг хэдэн хүүхэд үрчлэгдсэн талаар тоо баримт дутмаг
байгаа. Манай улс 1998 онд холбогдох хуулиудын хүрээнд Гаагийн конвенцид
нэгдэн орсон байдаг. Түүнээс хойш улс хооронд хүүхэд үрчлэх болсон.
Хүүхэд үрчилж авах хүсэлтэй иргэд манай яаманд материалаа ирүүлдэг.
Улмаар бид хүсэлтийг нь судалж үзээд бүртгэл хөтөлж зөвшөөрсөн эсэх
тухай дүгнэлт гаргадаг. Мэдээж хэрэг ингэж дүгнэлт гаргаснаар тухайн
айлын амьдралын боломж нь хэр юм бэ зэргийг судална гэсэн үг. Харин яам
дүгнэлтээ гаргасны дараа Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газар
руу явуулдаг бөгөөд тэд эцсийн шийдвэрийг гаргадаг. Нэг зүйл онцлоход
эцэг эхтэй хүүхдийг үрчилдэггүй. Харж хандах хүнгүй, эцэг, эхгүй,
хаягдсан хүүхдүүдийг үрчлүүлдэг. Харин одоогоор хөгжлийн бэрхшээлтэй,
тархины саажилтай хүүхдийг үрчилсэн мэдээлэл байхгүй” гэлээ.

ТАРХИНЫ СААЖИЛТАЙ 3-4 ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

Гадаадынхан ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, эцэг, эхгүй, хаягдсан
хүүхдийг үрчилдэг гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан болон зарим
эх сурвалж хэлсэн. Эл байгууллагын мэргэжилтэн, удирдлагууд нь албан
тушаалаа шинээр авсан учраас одоохондоо ямар нэгэн тайлбар өгөх
боломжгүйг олон нийттэй харилцах алба нь хэлж байлаа.

Дээр дурьдсанаар тархины саажилттай хүүхдийг үрчилсэн тохиолдолд нууцын
зэрэглэлд хамаардаг нь далд учиртай юмсанж. Учир нь ийм төрлийн өвчтэй
хүүхэд хэзээ ч удаан наслахгүй. Хатуухан хэлбэл амьд агаад үхмэл бие ч
гэнэ.

Чухам энэ талаар Хүүхдийн төв Сувилалын эмнэлгийн Сувиллын тасгийн
эрхлэгч, нярайн их эмч Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа. Уг эмнэлэгт тархины
саажилттай мөн дутуу гарсан нярай зэрэг өвчлөлтэй хүүхдүүдийг эмчилдэг
юм байна. Тэрбээр “Үнэндээ саажилтыг эдгэрэшгүй өвчин гэж болно.
Төрөлхийн, олдмол гэж хуваадаг. Үүсэх шалтгаан нь мэнэнгит, тархины цус
харвалт, мөн мэдрэлийн янз бүрийн өвчний үлдэгдэл гээд маш олон зүйлийн
нөлөөллөөс үүсдэг. Дээр үед ийм төрлийн өвчтэй хүүхэд гурван нас хүрээд
хорвоог орхидог байсан. Харин сүүлийн үед оношилгоо, эмчилгээ сайжраад
30 хүртэл наслах ч боломжтой болсон. Манай төвд гэхэд 13 настай
саажилттай хүүхэд бий. Харамсалтай нь тэд одоо хүртэл байнгын асаргаанд
байдаг. Баас, шээсээ зөөлгөж, ядаж хоолоо ч идэж чадахгүй. Заавал хүн
халбагаар аманд нь хоол барьж өгөх жишээтэй. Хамгийн гол нь эх нь
хаячихсан, нэн ядуу иргэдийн саажилттай хүүхдүүдийн ирээдүй хүндхэн
байдаг. Өмнө нь Мааньтын асрамжийн газар байхад тэднийг авдаг байлаа.
Одоо бол бараг авах газар байхгүй. Манайд ихэнх нь эмчлүүлээд байж
байна” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр энэ эмнэлгээс гадны хүмүүс эцэг, эхгүй тархины саажилттай
хэд хэдэн хүүхдийг үрчилж авсан талаарх мэдээлэл байна. Тодруулбал 3-4
хүүхдийг өнгөрсөн 2011 онд хойш авсан аж. Уг эмчээс энэ талаар асуухад
яамны нууц учраас хэлэх боломжгүй хэмээсэн. Дашрамд дурьдахад манай
улсад тархины саажилттай 1800 гаруй хүүхэд байдаг аж. Сүүлийн үед энэ
тоо нэмэгдэх болж. Энэ бол дэлхий нийтэд 1000 амьд төрөлтөд нэг хувь
тохиолддог гэж үздэг. Гэтэл манай улсад 1000 амьд төрөлтөд хоёр хувь 
байгаа нь  тархины саа өвчний тохиолдол өндөр гэж дүгнэхэд хүрч байна
хэмээн гадаадын эмч нар анхааруулжээ.

Эх сурвалжуудаас авсан зарим тоон мэдээлэлд аль оронд хүүхэд
үрчлүүлдгийг дурьдсан байна. Тухайлбал 2006 оны байдлаар Монголоос
гадаадын иргэдэд үрчлүүлсэн 162 хүүхэд байгаа аж. Зөвхөн 2001 оноос хойш
0-3 хүртэл насны 127 хүүхэд үрчлүүлсэн тухай тоо байна. Тэднээс 97 нь
АНУ-д, долоо нь ХБНГУ-д, Францад тав, дөрөв нь Бельгид, Солонгос, Англид
тус бүр гурав, Канад, Автрали, Голландын гэр бүлд нэг нэг хүүхэд
үрчлэгдсэн байна. Сүүлийн үед Гадаадын гэр бүл монгол хүүхдийг үрчлэх
тохиолдол буурч байгаа гэнэ.  Гадаадын иргэдэд үрчлүүлсэн Монгол
хүүхдүүд 18 нас хүртлээ Монгол Улсын харьяанд байдаг хуультай ч АНУ-ын
хувьд үрчилж авснаас хойш 45 хоног болоод л тэдний иргэн болгочихдог аж.

МАШАГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ БИДНИЙ ҮР УДМААР БҮҮ ДАЙРААСАЙ

Энэ бүхний эцэст нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлье. АНУ-ын Конгресс бага
насны хүүхдийг хvчирхийлэгч, бэлгийн дарамтад оруулагчдын эсрэг “Masha’s
Law” буюу “Машагийн хууль” -ийн төслийг хэлэлцсэн байна.  Хуулийг
Оросын 14 настай охин Маша Аллены /Мария Яшенкова/ нэрээр нэрлэжээ.
Машагийн түүх Америкт хэдийнэ танил болсон бөгөөд таван настайд нь
АНУ-ын Питтсбургийн иргэн, 39 настай, гэр бvлээсээ салсан инженер Мэттью
Манкузо үрчлэн авсан аж. Тэрбээр Оросоос шаргал үстэй, цэнхэр нүдтэй
тав, зургаан настай охин үрчилнэ гэж ойр дотнынхондоо ярьдаг байсан
гэнэ.

Манкузо охиныг гэртээ авчирсан анхны шөнөө хүчиндэж таван жил эл
аймшигт явдал үргэлжилжээ. Дарамтлагч, гаж донтон байгаад зогссонгүй
Машагийн нүцгэн 200 гаруй зургийг интернэтэд тавьж орлого олж байсан аж.
Азаар энэ зураг охиныг олоход цагдаагийнханд хэрэг болсон байна.
Канадын цагдаагийнхан охины зургийн ард Флорида дахь “Walt Disney’’-н
цэцэрлэг байгааг мэдсэн бөгөөд

2003 онд Холбооны мөрдөх товчоо Мэттью Манкузог барив­чилсан гэдэг. 
Чухам Оросын түүхэнд тохиолдсон энэ эм­гэнэлт явдлаас болж тус улсын
ерөнхийлөгч В.Путин “Оросын өнчин хүүхдүүдийг АНУ-ын иргэдэд үрчлүүлэх
нь үндэстэн ястны ирээдүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс зогсоож,
АНУ-д үрчлүүлсэн хүүхдүүдийг буцаах” тухай зарлигийг өнгөрсөн оны
арванхоёрдугаар сард гаргасан байдаг.

 Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж