Ч.Сайханбилэгт өгсөн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгт өгсөн зөвлөгөө

Суманд амьдардаг залуу төрийн албанд ажилд орохоор аймгийн төвдөө ирж, дарга нартай уулзжээ. Гэтэл дарга нь “Ардчилсан намын батлахаа авч ирээд ажилд ороорой” гэсэн аж. Тэр залуу энэ тухайгаа “Ажилд орох чинь ямар хэцүү болоо вэ. Ардчилсан намд элссэн гэдэг батлахаа авч ир гэлээ” хэмээн твиттерээр дамжуулж орон нутгаас жиргэжээ.

Хоёр дахь жишээ нь ажлаасаа чөлөөлөгдсөн хүний зовлон юм. Түүнийг ажлаас нь чөлөөлөхдөө “Ажлаасаа халагдсан шалтгаанаа аав, ээжээсээ асуугаарай” гэсэн байна. Хөөрхий муу аав ээж нь Ардчилсан намынх бус Ардын намын угшилтай юмсанж л дээ. Нэг үгээр хэлбэл, төрийн албанд ажилд орох бол намын угшлаа нотлох батлахтай ирэх, аав ээж, Ардын намын гишүүн бол ажлаасаа “халагдах” гээд их хачирхалтай жишээнүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд хөндөнө лээ.

 МАН-ынхан Засгийн эрх барьж байхдаа иймэрхүү хуншгүй зан гаргадаггүй байсан гэдгээ мөн онцолж хэлнэ лээ. Жишээ татвал, УИХ-ын дэд дарга М.Энхболд Ерөнхий сайд байхдаа одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт сайхан сэтгэл гаргаж, хоёр жил тасралтгүй Мэдээлэл, технологи харилцаа холбооны газрын даргаар ажиллах бололцоог олгосон гэв. Намын харьяаллыг нь бодсон бол шууд л халчих байсан бололтой. Гэтэл “Бид тэгээгүй шүү” хэмээн Төрийн албаны хуулиа дээдэлж албан тушаалд нь үлдээж байснаа МАН-ынхан өчигдөр сайд Ч.Сайханбилэг даргад сануулж, бас төрийн залгамж чанар гэдэг намын харьяаллаар хязгаарлагддаггүй үнэт зүйл болохыг сургаад авна лээ. Хуралдааны дундуур том том дуугарч, Ерөнхий сайдыг өмгөөлж, суусан сайд Ч.Сайханбилэг дээрх үгийг сонсоод хариу няцаалт хийгээгүйг бодвол санал нийлсэн юм байлгүй дээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж