Xүүхдээ анхаардаггүй нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Xүүхдээ анхаардаггүй нь тогтоогджээ

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын “Гэрэлт-Ертөнц” ХОУЗ-өөс санаачлан “Хүүхэд хөгжил, хамгаалал” сэдэвт Хүүхэд-Эцэг эх-Багш оролцсон гурвалсан хэлэлцүүлэг болж гурван талын төлөөлөл сургууль тус бүрээс оролцов. Хэлэлцүүлгээр багш, эцэг эх, хүүхдүүдэд үүргээ ухамсарлахад нь нөлөөлж хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалахад эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уг хэлэлцүүлэгийн өмнө Дархан сумын 1-8 дугаар багт орших ерөнхий боловсролын 1, 4, 15, 18, Энэрэл, Жигүүр цогцолбор сургуулиудын 8-11 дүгээр ангийн 1000 гаруй сурагч, мөн тооны эцэг эх, 300 гаруй багш, нийгмийн ажилтнуудыг хамарсан судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 41 хувь нь хичээл тасалдаг, 11,7 хувь нь PC тоглоомын газар чөлөөт цагаа өнгөрүүлдэг, 21,6 хувь нь чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд шаардагдах зохистой орчин байдаггүй гэсэн хариултыг өгчээ. Энэ нь Дархан хотын хүүхэд, залуучууд зөв хөгжиж хүмүүжихэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл. Харин эцэг эхчүүдийн дунд явуулсан хүүхдийн эрхийн, гэр бүлийн хуулийн талаархи асуулгад 35,8 хувь нь хуулиа мэддэг гэсэн бол 63.6 хувь нь сургуулиас эцэг эхийн дунд зохиосон ажилд хагас дутуу буюу оролцдоггүй гэсэн хариултуудыг өгчээ. Энэ нь хүүхдийн сурлага хүмүүжил доголдох хоёр дахь том шалтгаан гэж Дэлхийн зөн ОУБ-ын мэргэжилтнүүд үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Зарим сурагчид гадуур тэнэж, хорт зуршилд автан улмаар гэмт хэрэгт холбогдож байгаа нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал сул. Тиймээс эцэг эхчүүд нь хүүхдийнхээ зан төлөвшил, сурлага хүмүүжлийн талаар багш, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж үүрэг, хариуцлагаа ухамсарлаж бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэлээ.

Б.НОРОВСАМБУУ

Эх сурвалж: www.info.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж