Германаас хөрөнгө оруулагчдын “десант” бууна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Германаас хөрөнгө оруулагчдын “десант” бууна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын Германд хийсэн айлчлалд хоёр тал сэтгэл хангалуун байна гэж мэдэгдлээ. Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Аммон Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг хүндэтгэн зоог барьсан. Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  ирэх сарын 1-3-нд  Монголд айлчлах аж. П.Аммоныг Германы томоохон компаниудын бизнес төлөөлөгчид дагалдах гэнэ. Монголчуудын хувьд Европ дахь гол түнш нь Герман орон. Манайд олгодог зээл, тусламжийн хэмжээгээр Японы дараа хоёрт бичигдэх донор орон болоод байгаа. Ноён П.Аммоны айлчлалыг дагалдан ирэх бизнесийн “акул”-ууд Монголын компаниудтай түншлэн, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж манай тал найдаж байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбелтэй уулзсан. Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн Монгол, Германы хөгжлийн бодлогын хэлэлцээний үр дүнд Германы тал 2010-2011 онд 27 сая еврогийн зээл, тусламж үзүүлэх болсныг энэ үеэр мэдэгдсэн. Тэрбээр  ирэх наймдугаар сард айлчлах болсноо мэдээлж, Германы бизнес, эдийн засгийн төлөөлөгчдийг дагуулан очихоо илэрхийлсэн. Сайд Г.Занданшатарын ХБНГУ-ын Холбооны эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Пфаффенбахтай хийсэн уулзалтын үеэр Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар мөн ярилцсан.  Уул уурхайн салбарт Германы эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий түүхий эд болох зэс, жонш, нүүрс, газрын ховор элемент зэргийг олборлох, хамтран хайгуул хийх, ашиглах чиглэлээр хамтран ажиллах, Сайншанд дахь аж үйлдвэрийн парк байгуулахад Германы компаниудтай хамтран ажиллаж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүднээс Германы банк санхүүгийн зээлийн шугам нээх, санхүүжилтийн механизмуудыг бүрэн ашиглах, хоёр орны уул уурхайн салбарын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн Холбооны эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга уулзалтын үеэр Германы бизнес эдийн засгийн төлөөлөгчдийн томоохон хэсэг ирэх сарын 3-нд Монголд айлчлах болсон талаар ярилцлаа. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Германы арилжааны хоёр дахь том банк болох “Коммерцбанк”-тай хамтран зохион байгуулсан бизнес уулзалтад оролцож “Монгол Улсын эдийн засгийн хөгжил-Германы эдийн засагтай хамтран ажиллах боломж, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьсан. Тус уулзалтад Монгол Улсыг сонирхдог, манай улстай хамтран ажиллах хүсэлтэй Германы төр засаг, хувийн хэвшлийн өргөн хүрээний төлөөлөгчид оролцсон юм. Харин айлчлалын эхний өдрийн үдээс өмнө Монгол-Германы бизнесийн чуулга уулзалт зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. “Чуулга уулзалтын үеэр “Монголын Сигнум” компани, Германы “Тюссэн Крупп” концернийн охин компани болох “Үдэ” компани нүүрсийг шингэрүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах талаар хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал нь олз омог ихтэй, хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр татсан, Монголтой хамтран хийх хоёр орны бизнесийн салбарыг шат ахиулсан айлчлал болж өндөрлөлөө” гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж