Хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг хүлээгээгүй ч гэлээ асуудлыг тавьсан МАН-ын гишүүдийн хувьд санал хэлэх үеэрээ тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд “Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудал гишүүдийн дэмжлэг хүлээж чадахгүй байлаа гэхэд дараа дахин асуудлыг тавих болно” гэж байсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ид эхэлчихсэн явж байх ёстой атал ганц авто замын ажил эхлэхгүй байна. Өмнөх Засгийн газрын үед зурагдсан авто замын бүх гэрээнүүдийг цуцалсан. Өөрсдийн талын хүнээ түүн рүү оруулах гээд энэ ажлыг уяж байгаа. Нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Энэ салбарт хамгийн томд ордог байсан “Энержи ресурс” 1500 ажилтнаа сул зогсоож эхэллээ. Энэ бүхний ард 1500 өрх орон сууцтай болох боломж үгүй болж байна. Араас нь арилжааны банкууд зээл олгох эх үүсвэр алга. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 орчим хувиар буурчихлаа. Үйлдвэрлэгчид юм хийе гэвч хөрөнгө алга. Шинэчлэлийн нэртэй Засгийн газар чинь хямралын Засгийн газар болж хувирах вий дээ. Сөрөг хүчний хувьд Засгийн газрыг буруу алхам хийх бүрийд үгээ хэлнэ, шаардана, шахаж ажиллах болно” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж санал хэлэх үеэрээ Засгийн газрын тэргүүнд харамсаж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар байгуулагдаад найман сар л болж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ядаж 1.6 жилийн дараа ярих ёстой. Ерөнхий сайд Н.Алтанхуягт алдаа бий юу гэвэл бий, ялангуяа гадаад бодлого дээрээ анхаарах ёстой. Хоёр хөрштэй хэл амаа ололцох ёстой. Дээр нь гадаадад амьдарч буй монгол эмэгтэйчүүдээ хамгаалах талд Засгийн газар ажиллахгүй бол Н.Аятунгаа, н.Алтантуяа, Энхмаагийн хэрэг гээд олон монгол эмэгтэйн эрх хүний нутагт зөрчигдөж байна. Гэтэл монгол иргэнийхээ эрхийг хамгаалж хангаж ажиллах ёстой Элчин сайд нар юу ч хийхгүй сууж байгаа. Ийм Элчингүүдийг эргүүлэн татах ёстой. Өнөөдөр зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар Монгол Улс сайхан болчихгүй гэдэгт би итгэл төгс байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хэнийг ч муу хэлж болно. Гэхдээ Ардын намынхан та нарын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль угтаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байна. Энэ нь намынхаа унасан нэр хүндийг сэргээх гэсэн оролдлого. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дан ганц Шинэчлэлийн Засгийн газрын үед яригдаж байгаа юм биш. 1996 онд ийм юм болж л байсан, 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед ч мөн босч байсан. Одоо Н.Алтанхуягийг огцрууллаа, өөр хүн шинээр томиллоо гээд асуудал өөр болчихгүй” гэж байлаа.