Ерөнхийлөгчийн зарлигийг цаатнууд талархан хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигийг цаатнууд талархан хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол,  эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд очиж уг зарлигийг цаатан иргэдэд гардуулж өгөв. Зарлигийг хүлээж авсан Цагааннуур сумын Засаг дарга Н.Мягмаржав болон цаатан иргэдийн төлөөлөгчид “Дөчин жилийн турш хүлээсэн түүхэн зарлиг гарсанд ихэд талархаж байна” хэмээжээ. Цаатан иргэдийн хүүхдүүд төрөлх тува хэлээрээ суралцах боломж нээгдсэн, ОХУ-ын Тувад байгаа элгэн садантайгаа гурван жилд нэг удаа уулзах боломжтой болж, сар бүр тэтгэмж авахаар зарлигт тусгасныг цаатан иргэд баяртайгаар хүлээн авснаа илэрхийлсэн байна.

Цаатан иргэдийн боловсрол, эрүүл мэндийн талаар тусгай арга хэмжээ авч, цаан сүргийн тоо толгойг өсгөн цус ойртохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа нь тайгын иргэдийг мөхлөөс аврах түүхэн шийдвэр боллоо хэмээн цаатан иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал дэвшүүлжээ.

                        Эх сурвалж: www.President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж