“Зургаа” жүжиг тэргүүн байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

“Зургаа” жүжиг тэргүүн байр эзлэв

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, УДЭТ-аас нийт уран бүтээлчдийн дунд зарласан “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-ы дүн гарч, шалгарсан бүтээлийн зохиолчдод өнөөдөр шагналыг нь гардууллаа. Энэхүү уралдаанд нийт 94 бүтээл ирсэнээс МУИС-ийн математикийн багш Г.Анхбаярын “Зургаа” жүжиг тэргүүн байр хүртэж, арван сая төгрөгөөр шагнуулсан бол УДЭТ-ын захиралын туслах Д.Мэндсайханы “Би хэн бэ?”, С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолууд удаалж, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын хамтран бичсэн “Дүүжлүүрийн эзэн”, П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин …”, Т.Бум-Эрдэний “Нүд” жүжгийн зохиолууд тусгай байранд шалгарчээ. Арван таван хүний шүүгчийн бүрэлдэхүүн ажиллахдаа уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дугаарлаж, зохиолчдын болон зохиолын нэрийг бичилгүйгээр уншиж шалгаруулсан гэнэ. Мөн зохиолчидтой хоёр жилийн бүтээл ашиглах гэрээг энэ үеэр ССАЖЯ хийсэн юм. Бид энэ үеэр УДЭТ-ийн ерөнхий найруулагч П.Наранбаатар болон Соёл урлагийн газрын дарга Н.Оргил нараас цөөн зүйлийг тодрууллаа.

– Эдгээр шалгарсан жүжгүүд хэр сайн бүтээлүүд гэж бодож байна. Ер нь манай жүжгийн зохиол ямар хэмжээнд явна вэ?

П.Наранбаатар: Маш олон хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг уншиж шүүсэн болохоор нилээд гайгүй сайныг нь шалгаруулсан гэж бодож байна. Ер нь нийгэм өөрчлөгдөх тусам зохиолчдын сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. Бид шалгаруулалтандаа жүжгийн зохиолын шаардлагыг хангаж чадсан эсэхийг нилээд гол шалгуур болгосон. Ний нуугүй хэлэхэд жүжгийн зохиолын уралдаанд өгүүллэг өгчихсөн хүн ч байсан. Хүмүүсийн мөн чанар, агуулга руу хандсан их сайн зохиолууд ирсэн байсан. Ер нь манай зохиолчдын зохиол, сэтгэлгээ их өвөрмөц болж байна.

– Эдгээр шалгарсан бүтээлүүдийг хэзээнээс олны хүртээл болгож эхлэх вэ?

Н.Оргил: Бид эхлээд эдгээр зохиолыг жүжиг болгох багийг сонгон шалгаруулна. Бидэнд тухайн багийнхан төслөө ирүүлээд, шалгарсан тохиолдолд бид УДЭТ болоод бусад театрын тайзан дээр жинхэнэ тайзны бүтээл болгон тавиулна. Одооноос эхлээд сонирхсон баг хамт олонд эдгээр зохиолууд нээлттэй, биднээс ирээд авч уншиж, судалж болно. 

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж