Н.Алтанхуяг: Үндсэн хууль зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Үндсэн хууль зөрчөөгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тавьсан асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн тайлбарласнаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцож огцруулах болсон үндэслэл нь нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчиж, Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргаар үүрэг гүйцэтгэгч томилсон. Мөн Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг үндэслэлгүйгээр чөлөөлж, өөр хүн томилсон. Хуульд Тагнуулын дэд даргыг чөлөөлөх тохиолдолд нэг бол эрүүл мэндийн шалтгааны улмаас, эсвэл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол, гуравт ажлын хариуцлага алдсан бол чөлөөлдөг. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс ямар ч үндэслэлгүйгээр шууд Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг чөлөөлж мэргэжлийн бус хүнийг томилсон.

Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт саарсан, гуравдугаарт Ерөнхийлөгчийн хаврын чуулганы нээлтэд оролцохдоо хэлсэн үгээр бол гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 60 орчим хувиар буурсан. Төрийн албыг танил тал, хамаатан саднаар өргөжүүлсэн. Ам.долларын ханш чангарсаар 1418 болсон. Чингис бондын хүүний эрсдэл өдөр ирэх тусам өсч байгаагаас Монгол түмэн хэдэн үеэрээ төлөх өрөнд орж байгаа, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, 16 вэб сайтыг хаасны зэрэгцээ нэр бүхий телевизүүдийг хаасан. Орон нутагт хаваржилт хүндэрч малчдын амьдрал хүндэрч байхад эргэж тойрох ёстой Ерөнхий сайд нь Бурхан халдун уул руу 70 шахам хүнд дагуулж явж, 10 гаруй сая төгрөгийг зарлагдсан зэрэг үйлдлүүд нь огцруулах үндэслэл болно гэж тайлбар хийсэн юм. Үүний дараа Ерөнхий сайдад хандан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт асуулаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд
: -Та Засгийн газрын тогтоол гаргаж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас энэ тогтоолоо хүчингүй болголоо. Энэ нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч тогтоолоо хүчингүй болголоо гэж ойлгож болох уу. Хоёрт, “Чингис бондын хүү тодорхой хэмжээгээр өсөх нөхцөл байдал үүсээд байна. Хүү нэмэгдэх асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Үндсэн хууль зөрчөөд байсан юм байхгүй. 2004 онд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад Засаг барьж байхад дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Энэ жишгийн дагуу хийсэн. Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулаагүй учраас Үндсэн хууль зөрчөөд байна. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын томилгооны тухайд, Ерөнхий сайд нь нэг агентлагийн дэд даргыг томилох эрхгүй байх юм бол Ерөнхий сайд байхын хэрэг байна уу. Хаврын чуулган эхлэхийн өмнө энэ Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэдэг цаас хэрэгтэй байсан учраас МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга нь, мөн бусад хүмүүс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хэний захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм. Бондын тухайд Н.Батбаяр сайд хариулт өг.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Эдийн засагч мэргэжилтэй хүн ийм юм асууж байгаад харамсаж байна. Бондын гаргасан хүү тогтмол байдаг, “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын бондын хүү нь жилийнх нь 4.25 хувь бол 1 сая ам.долларынх нь хүү 5.25 хувь. Ийм л байгаа, тогтмол хүүнд өөрчлөлт орохгүй. Монголбанк менежмент хийгээд явж байгаа.

-М.Энхболд:
-Дахин арилжаалагдаж байгаа нэрээр хүү нь өсвөл яах вэ. Энэ үүднээс асуугаад байна. Дээр нь Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярьж байгаа болохоос Засгийн газрын танхимыг огцруулах асуудлыг хөндөөгүй учраас хариултыг Ерөнхий сайд өөрөө өгмөөр байна шүү.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд: -2012 оны байдлаар эдийн засгийн өсөлт 17-18 хувьтай байсан. Гэтэл 2013 онд яагаад буурав. Ямар шалтгаан нөлөөлөв. Уналтыг юу гэж дүгнэж байна вэ. Өмнөх Засгийн газар энэ бүхэнд буруутай мэтээр ярьж байна. Уг нь 4 жилийн ихэнх хугацаанд нь Ардын нам, Ардчилсан нам хамтраад Засгийн газрыг байгуулж ажилласан. Сүүлийн 2-3 сарыг эс тооцвол. Хамтдаа шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Өмнөх Засгийн газарт дутуу дулимаг хийсэн ажил бий, түүнийг үргэлжлүүлээд, алдааг нь засаад явах эрх, үүрэг нь дараагийн Засгийн газарт байх ёстой. Ингэж байж төрийн залгамж чанар хадгалагдах ёстой биш үү?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Би их тэвчээртэй хүн учраас найман сарын турш ярилгүй явж ирлээ. Алийн болгон баасыг чинь цэвэрлэж суух юм. Одоо бүгдийг хэлчихье. Тавантолгойг өмнөх Засгийн газрын үед гэрээг байгуулж, шийдсэн. Гэтэл гэрээ байгуулсан Чалько компаниас 350 сая ам.доллар урьдчилж авсан. Гэрээ нь маш ашиггүй учраас алдагдал хүлээсэн. Одоо бид “Чалько”-д 186 сая ам.долларыг төлөх ёстой. Хөгжлийн банкны 600 сая ам.долларын бонд байна. Наад бондоороо юм хийгээч гэж би та нарт хэлж байсан, “Хугацаа тулсан учраас боломжгүй” гэдэг хариултыг өгч байсан. Хүүнд нь улсын төсвөөс 27.3 сая ам.долларыг гаргаж төлсөн. Харин бидний хувьд урьдын ийм алдааг давтахгүйн тулд Чингис бондын хувьд ямар нэг байдлаар хөдөлж байх ёстой гэж үзээд Монголбанк менежментийг хийж байгаа. Алдагдалгүй хүүгээр арилжааны банкуудад зарим хэсгийг байршуулаад зарим хэсгийг гадаадад байршуулаад явж байгаа. 25-уулаа нийлж байгаад огцруулах асуудал тавьж байгаа учраас би энэ бүхнийг хэлэхээр шийдлээ. Оюутолгой төсөл юу болсон билээ, 250 сая ам.долларыг урьдчилж авсан, хүүтэйгээр. Тэгээд иргэдэд нэг сая төгрөгөөр бэлнээр мөнгө тараасан, иргэдэд бас сар тутамд мөнгө олгоод тараагаад дуусаа биздээ. Одоо юу яриад байгаа юм.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Та Ерөнхий сайд болсныхоо дараахан Ардын намын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Төрийн албан хаагчдыг халахгүй, орон тоог нэг хүнээр ч нэмэхгүй. Хэрвээ орон тоо нэмэгдвэл хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэсэн. Гэтэл өнөөдөр төрийн албаны захиргааны орон тоо 810 хүнээр нэмэгдчихээд байна. Цалингийн зардал нь 200 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Дээр нь Ховд аймгийн 27 сургуулийн захирал, 24 цэцэрлэгийн эрхлэгчийг хоморголон ажлаас нь халлаа?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Шинэчлэлийн Засгийн газар авлигач, хээл хахуулчинтай зөвшилцөхгүй, шууд ажлаас нь хөөнө. Татварынхны хэрэг, дээр нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын мөнгө идсэн хэрэг мандаж байна. Яагаад 300 гаруй ээжийн төрөх эмнэлэг барь гэсэн мөнгийг төрийн нарийнууд идчихсэн байхад Засгийн газар тэднийг ажиллуулах ёстой юм, хөөгөөд явуулсан. Авлигачдын байх орон зай багасч байгаа, харин шударга хүмүүстэй ажиллана. Аяндаа ийм боломжийг олгоод эхлэхээр монголчууд тэр энэ тэгж идсэн уусан гэж хэлээд олон жилийн хэрэг илэрч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Та асуултад хариулсангүй, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар бүгдээрээ авлигач болоо юу. Төрийн албан хаагч нар бүгдээрээ авлигач болсон хэрэг үү. Таны хариултаас тэгж ойлголоо. Таны Үндсэн хууль зөрчдөг үйлдэл тань доод шатанд нөлөөлж, ажлаас нь хоморголон халах ажиллагаа яваад байна шүү дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээ нэртэй устай нь надад хэл.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-27 сургуулийн захирал, 24 цэцэрлэгийн эрхлэгч ажлаасаа халагдлаа гэж тодорхой асуухаас өөр яах юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Ч.Сайханбилэг сайд аа, орон тоо нэмэгдсэн юм уу гэдэг дээр тайлбар хийгээдэх. Зардал өссөн тухайд нь Сангийн сайд хариулт өг.

Ч.Сайханбилэг сайд:
-Орон тоо өссөн юм байхгүй, УИХ-аас хууль батлах бүрийдээ дагуулж орон тоог нэмдэг. Тэр хүрээнд орон тоо нэмэгдсэн. Цалингийн зардал өссөний тухайд өмнөх Засгийн газар цалин, тэтгэвэр нэмсэн учраас хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт бүтэн жилээр суулгаж өгч таарна биздээ. Тэр хүрээнд асуудал яваад та бүхэн 2013 оны төсвийг баталсан.

Сангийн сайд Ч.Улаан:
-11 яам 16 болж, 43 агентлаг 27 болж нэг үгээр хэлбэл, агентлагийнх нь хүмүүс яам руу шилжих замаар зохицуулагдсан. 2013 оны нэгдсэн төсвийг бүгдээрээ ярьж байгаад баталсан. Тэр үед төрийн албан хаагчдын орон тоо 817-гоор нэмэгдэнэ гээд баталсан гэсэн хариулт өглөө. Дээрх хариултыг өгч байх үеэр МАН-ын гишүүдийн зүгээс “Татварын мөнгө идсэн уусан дарга нарын хувьд С.Баярцогт, Ч.Улаан нарыг Сангийн сайдын алба хашиж байхад томилогдсон дарга нар байгаа шүү” хэмээн мэдэгдэж байв.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал ширүүн мэтгэлцээнд дунд өрнөж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж