УИХ-ын гишүүдэд шаардлага, асуулга хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдэд шаардлага, асуулга хүргүүллээ

“Монголын залуу хуульчдын хос дэнс клуб” Төрийн бус байгууллагаас өнөөдөр төрийн түшээдэд шардлага асуулга хүргүүлэхээр болсон байна. Тэд УИХ гишүүн МАН-ын дарга Ө.Энхтүвшинд хандсан шаардлагын нэгдүгээрт: “2008 оны иргэдийн үймээний үеэр намын байр нь шатсаны улмаас шинээр байр барих хугацаандаа Лениний музей болон Хүүхэд залуучуудын ордонд намын үйл ажиллагаагаа явуулж байсан. 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон ИТХ нь Хүүхэд залуучуудын ордонг нийслэлийн өмчид шилжүүлэн авч танай намыг уг байрыг хүлээлгэн өгөхийг шаардаж байсан.  Хүлээлгэн өгсний дараагаар сүүлийн хэдэн сарын түрээсийн төлбөр болон урсгал зардлыг төлөөгүй гэсэн мэдэгдлийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдэж байсан. Нийт төлөх ёстой 800 гаруй сая төгрөгийг төрд төлж барагдуулсан эсэх , хэрэв төлж барагдуулаагүй бол хэзээ төлж барагдуулах талаар хариулт өгнө үү”. Хоёрдугаарт: “Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тухай 11 дүгээр тогтоол гарсан байна. Энэхүү тогтоолд Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр гаргаж МАН-аас Лениний музейг төрийн өмчлөлд авахаар тогтоосон байна. Гэвч МАН-аас Лениний музейг өөрийн өмч хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Лениний музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр баригдсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Ард иргэдийн татварын мөнгөөр баригдсан барилга яагаад танай намын өмч болсныг олон түмэнд нээлттэй хэлж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Дараагаар нь УИХ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хандан “Манай ТББ дэргэдээ “Үлэг гүрвэлийн үзмэртэй болъё” хөдөлгөөнийг байгуулж фейсбүүк хуудас ажиллуулж үлэг гүрвэл болон палентлогийн салбар, хууль бусаар хил давуулан гаргасан олдворуудын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх зорилготой ажиллуулж байна. Мөн үлэг гүрвэлийн музей байгуулах тогтоолийн хэрэгжилт болон уг тогтоолын хүрээнд баригдах музейн ажилд иргэдийн дэмжлэг, туслалцааг авах, иргэдээс энэхүү бүтээн байгуулалтад хандив цуглуулах, улсын хэмжээнд “Үлэг гүрвэлийн судалгааны баг”-ийг таны дор байгуулах  зорилго ч өвөртлөөд байна. Иймд бидний энэхүү ажиллагааг дэмжин энэ төрлийн мэдээллийг ил тод болгох Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгнө үү” гэжээ.

Мөн Ерөнхи сайд Н.Алтанхуягаас дараах асуултанд хариулт авахыг хүсчээ. Засгийн газрын тэргүүний үүрэгт ажлыг хүлээж авахаас өмнөх Засгийн газрын үеийн Монгол улсын гадаад дотоод өр авлага хэд байсан, Монгол орны эдийн засгийн чадавхи төгрөгийн нөөц хэр их байсан, “Чингис бонд”-оор мөнгө босгох шаардлага байсан эсэх, “Чингис бонд”-оор орж ирж буй мөнгийг хэрхэн юунд ямар байдлаар зарцуулах вэ зэрэг асуулт тавьжээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Батболдоос Засгийн газрийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгөх үеийн Монгол улсын гадаад болон дотоод өр, авлага хэд байсан, Засгийн газрыг хүлээлгэн өгөх үеийн Монголын эдийн засгийн чадавхи төгрөгийн нөөц хэр их байсан, “Чингис бонд”-оор мөнгө босгох шаардлага зайлшгүй байгаа юу? Яагаад?” гэж асуужээ.

“Монголын залуу хуульчдын хос дэнс клуб” Төрийн бус байгууллага өөрсдийгөө нам бус гэж тайлбарлаж байсан бөгөөд эдгээр шаардлага болон асуулгуудыг ард иргэдийн төлөө хийж буй ажил хэмээн тайлбарлаж байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж