Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк 19 сая ам.долларыг 1415 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан бол юанийн арилжаа хийгээгүй ажээ.
Харин арилжааны банкууд валютын своп хэлцлээр 20 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн валютын захад ам.доллар нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР