АН-ын бүлэг адгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн ням гаригт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө илүү санал авч, парламентад сөрөг хүчний суудал нэмэгдэх нь бараг тодорхой болоод буй. Улс төрийн намын гэхээсээ илүү хувь нэр дэвшигчийн хүчин зүйл түлхүү нөлөөлсөн энэ үр дүнд Ардчилсан намынхан адган тэвдэж эхэллээ. Тийм ч учраас сонгуулийн санал хураалтыг цагаас нь өмнө хаасан гэдэг шалтгаанаар хүчингүй болгохоор чармайж байна. Сонгуулийн тойргийн хороо УИХ-ын тогтоолыг зөрчиж, 22.00 цагт хаах ёстой санал хураалтыг 20.00 цагт дуусгавар болгосон гэх үндэслэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гаргаж тавилаа. Гэхдээ тэдний иш үндэс болгож буй УИХ-ын тогтоол нь энэ удаагийн дахин санал хураалтад ямар ч холбогдолгүй буюу эрх зүйн зохицуулалт болж чадахгүй баримт аж.

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн намар УИХ-ын сонгуулийг мөн л дахисан бөгөөд ингэхдээ орон нутгийн сонгуультай давхар явуулсан. Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 22.00 цагт дуусгахаар хуульчилсан байдаг. Иймд орон нутгийн сонгуультай давхар явуулсан Баянзүрхийн дахин санал хураалтыг 22.00 цаг хүртэл сунгах тогтоолыг УИХ тухайн үед гаргаж мөрдүүлсэн юм. Харин энэхүү тогтоолыг Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгуульд ч бас үйлчлэх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна. Энэ нь эрх зүйн үндэслэл болж чадахгүй гэдгийг намынх нь төв аппарат ойлгож байгаа төдийгүй АН-ын бүлгийн гишүүдээ үгэнд орохгүй байна гэдгийг ч хэллээ. Хоёр өөр зүйлийг хүчээр холбож, улс төр хийхээр мэтгэж байгаа АН-ын бүлгийн гишүүдийн энэ арга хэр хол явах бол? Угаасаа дахин санал хураалт явууллаа ч өнөөдрийнх шиг л үр дүн гарах нь бараг л ойлгомжтой шүү дээ. Ардчилсан нам эрх баригч ч гэлээ энэ удаагийн сонгуульд намын фактор биш хувь нэр дэвшигчийн имиж хэтэрхий нөлөөтэй байлаа. Хэрэв сонгуулийн тойргийн хороо хууль зөрчсөн үйлдэл хийсэн байх аваас хариуцлага ярих нь зүйтэй. Гэхдээ хуулиараа бол УИХ-ын сонгуулийн санал хураалт 20.00 цагт дуусна гэж цагаан дээр хараар бичсэн тул цаашаа хэр хол явах зарга билээ гэдгийг ч бодмоор юм даа.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж