Бензиний үнийн хөөрөгдөл ”МИАТ”-ийн дуулианд дарагдсан ч дийлдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Бензиний үнийн хөөрөгдөл ”МИАТ”-ийн дуулианд дарагдсан ч дийлдсэнгүй

Үнэ нэмсэн байхад араас гүйцээд ирэх байлгүй

"МИАТ-ийн буртаг бүхэн зад тавьж, зарим нэгийгээ "Энэ хэдэн нөхөр онгоц барьцаалчихаад олон улсын нислэг саатуулаад байна, яах вэ Ерөнхий сайд аа" хэмээн дээр доргүй бужигнаж байх хойгуур нефть импортлогчид түлш, шатахууныхаа үнийг хэдийнэ нэмж амжжээ.

Юу яасан Засгийн газар хуралдаж эцсийн шийдвэр гаргах. Тэд Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэйгээ ард түмэнд сая харууллаа.

"Ник", "Пөтровис", "Магнай трейд", "М-Ойл" зэрэг гарын арван хуруунд багтах тооны импортлогчид дураараа жиргэж, дунд чөмгөөрөө наргиж байна аа. Тэдэнд Монголын ард түмэн чихрийн цаас л болж. Яагаад гэвэл өнөөдөр чихрийн цаасан дээр хэн ч юу ч бичдэггүй.

Цагтаа Монголчуудын төлөө ажиллаж байсан, 21 аймаг 336 суманд салбартай "НИК" гэх төрийн өмчит байгууллагыг удирдаж байсан Ц.Оюунгэрэл хатагтайд өнөөдөр Монголчууд юу ч биш санагдах болсон гэвэл буруудахгүй болов уу. Цаг үедээ ашиггүй ажиллаж байсан "НИК"-ийг хүчээр шахам дампууруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан. Эхлээд өөрөө "Ник"-ээс гараад "Петровис" гэх түлш, шатахуун импортлогч компани байгуулаад өмнөхөө үгүй хийх ажлыг гардан зохион байгуулсан.

Үр дүнд нь "Ник" газрын хөрснөөс арчигдаж "Петровис"-ын хоол болсон удаатай. Гэхдээ тэрбээр үүнийгээ тун зальтай хийсэн. "Оросууд "Ник"-ийг сонирхоод байна. Даруйхан дотоодынхоо компанид давуу эрхээр хувьчлахгүй бол Монгол орон, Монголчууд Оросуудын хараат болох нь" гэсээр байгаад хувьчлалыг яаруулж хувьдаа завшсан.

Үнэн хэрэг дээрээ нэгэн хатагтай гэдэг хүн л энэ бүхний ард байж, Монголчуудыг түлш, шатахууны хувьд эрхэндээ оруулсан гэхэд болно. Үүнийхээ үрээр одоо Монголын нефтийн салбарыг гартаа оруулчихаад дуртай үедээ үнээ нэмж, дургүй үедээ хямдрал зарласан шиг ээ сууна гэхэд болно.

Өнөөдөр ОХУ-аас нефть, түлш, шатахуун импортлогчид түүний үгээр хөдөлж, гарынх нь дохиогоор ажиллаж байгаа бололтой. Импортоор орж ирсэн түлш, шатахууны 60-65 хувийг "Петровис" атгадаг.

Саяхан ОХУ-ын Засгийн газар Онцгой албан татвараа тонн тутамд нь 10 ам.доллараар зургадугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх болсон тухайгаа манай импортлогчдод мэдэгдсэн. Үүний дуулианаар "Ник"-ийнхэн тэргүүтэй дарамтлагчид ард түмэн, төр засгаа шахаанд оруулсан.

"Монголчууд аа, Оросууд гаалийн татвараа нэмлээ. Яах ч арга алга даа. Бид үнээ нэмлээ. Үүний буруутан бид биш, Оросууд" гээд л баахан ухуулсан. Бас болоогүй ээ, "Оросууд үнэ нэмснийг Засгийн газарт хэллээ. Хэрэв Засгийн газар онцгой албан татвараа бууруулвал бид үнээ нэмэхгүй байж болох л юм. Үнэ нэмэгдвэл ард түмэнд л хэцүү л дээ" гээд эх орончийн дүрд тоглоод амжсан.

Тэдний тоглолтод Эрдэс баялаг, эрчим хүчний яам хүртэл өөрийн эрхгүй татагдан орж "Асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийдэх тухай" хэлэлцээр хийсэн боловч нефть импортлогчид "Авах хүн гэдийдэг, өгөх хүн бөхийдөг" гэсэн зарчмаар асуудалд хандаж тэр байтугай Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэх хэмжээнд хүргэсэн.

Үүний цаадах санаа бол "Монголчууд Засгийн газартайгаа бидний халаасанд бий" гэсэн санааг агуулсан бололтой. Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэх байсан ч онцгой тохиолдлоор амжаагүй. Гэтэл нефть импортлогчид Засгийн газартай газаргүй бид мэднэ гэж хэлээд өнгөрөгч мягмар гарагийн өглөө гэхэд эхний ээлжинд дизель түлшнийхээ үнийг литр тутамд нь 95 төгрөгөөр нэмсэн.

Өөрөөр хэлбэл, "Петровис" тэргүүтэй нефть импортлогчид үнээ нэмсэн байхад хэн юу гэхэв. Дуртай бол араас гүйцээд ирэх байлгүй гэж хэлээд эхний ээлжинд дизель түлшээ нэмсэн. Засгийн газрын хуралдаанаар түлш шатахууны асуудал ороогүй тул тэд улам даварч бүх төрлийн бензин, шатахуун, шатах тослох материалынхаа үнийг нэмээд байгаа.

"Жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байг" гэдэгчлэн бид үнэ нэмнэ гэж хэлсэн л бол хаваасаг гэдэг зарчмыг "Петровис", "Магнай трейд", "Сод Монгол" тэргүүтэй газрын тосны наймаа эрхлэгчид баримталжээ.

50 төгрөгөөр даллахад тэд хошгирохгүй хаачихав
Тэд бизнесийн алтан зарчмаа ингэж тодорхойлдог бололтой. Яагаад гэвэл бензин, түлш шатахууныхаа үнийг дуртай үедээ нэмдэг атлаа бусдын цагаан хэл амнаас бага ч болтугай эмээн "50 төгрөгөөр даллая" гэсэн уриатай ажилладаг ажээ.

Нэг үгээр хэлбэл, "Петровис" тэргүүтэй шатахуун импортлогчид нийслэлийн автозамаар явж буй  машинуудыг 50 төгрөгөөр даллахад тэд хошгирохгүй хаачих вэ гэсэн байдлаар асуудалд ханддаг бололтой.

Бар жилийн цагаан сарын дараахан "Петровис компани аз нь алгандаа багтсан азтандаа эко машин бэлэглэлээ" гэж үзэгчдийг залхтал нь телевизээр цацсан даа. Хоёр сар гаруй хугацаанд "Бензин, түлш, шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр хямдрууллаа. 50 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хүн бүр нэг эрх авч сугалаанд оролцоно" хэмээн иргэдийн толгойг угаасаар сугалаат худалдаа явуулж нэг хүнд эко машин, таван иргэнд нэг сая, 50 хүнд 10 мянган төгрөгийн бензин талон гардуулсан.

Замын цагдаагийн бүртгэлд байдаг явдаг, явдаггүй машин бүрт зориулж бензин, шатахуун оруулж ирдэг мөртлөө 5-50-хан хүнд хандсан сугалаа явуулдаг гэхээр инээд ч хүрэх шиг. Түүнийхээ оронд "Оросод гаалийн татвар тонн тутамд нь 10 ам.доллараар нэмэгдлээ. Бид энэ удаад ард түмнийхээ төлөө үнээ нэмэхгүй" гээд нэг удаа ч болов хэлэхэд Монголчууд "Петровис" компанид баярлана.

Жолооч нарын дунд саяхан ийм нэг яриа дэлгэрчээ. "Бензин, шатахууны үнэ нэмэгдлээ. Петровисын даргын жолоочоос үүнийг мэддэг болов уу гээд асуужээ. Гэтэл өнөөх нь шатахууны үнэ нэмэгддэг юм уу" гэсэн инээдтэй гэхээсээ илүүтэй эмгэнэлтэй яриа гарсан байна, цаана чинь.

Бензин, түлшний үнийг нэмэхгүй байж болох уу гээд "Нефть хий" ассиоциацаас асуухад "Түүнийг бид мэдэхгүй. Орос үнээ нэмсэн учраас импортлогчид үнэ нэмэх л байлгүй дээ" гэсэн хариу өгсөн. "Нефть хий" ассиоциацийн гэгдэх хэдэн хүн ийм үг хэлснийхээ төлөө "Петровис", "Магнай трейд" зэрэг импортлогчдоос цалин хүртдэг улс л байдаг аж.

Засгийн газар нь ч, иргэд нь ч түлш, шатахууны үнэ хэзээ нэмэгдэх бол гэж санаа зовж суусаар нэг нь наснаасаа эрт өтөлж, нөгөө нь цагаасаа өмнө буух л болов уу. Нефтийн үнийн талаар Засгийн газар үгээ хэлээгүйг наймаачид "Үнэ нэмэхийг зөвшөөрсний дохио" гэж уншаад бараа, бүтээгдэхүүний үнийг аль эрт нэмээд амжлаа.

Н.Мөнхтөр.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж