
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, “Хавирган сар” нийгэмлэгүүдийн холбооноос цус, цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангахын тулд хүн амынх нь гурван хувь нь цусаа өгдөг байх ёстой гэж зөвлөдөг байна. Уг зөвлөмжөөр манай улсад 80 мянга орчим донор хэрэгтэй аж. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 20853 донор цусаа өгсөн нь хүн амын дөнгөж 0,8 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн жишгээс дөрөв дахин бага юм. Манай улс харьцангуй залуу донортой орон аж.
Оюутолгой компани сүүлийн гурван жил МУЗНийгэмлэгийн тодорхой ажлуудыг санхүүгийн дэмжлэг өгч хамтран ажилласаар ирсэн байна. Энэ жилийн хувьд “Амьдрал бэлэглэе” аяны хүрээнд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюутолгой кемп дээр уурхайн ажилчин, албан хаагч нарын дунд өрнүүлэхээр болсон байна. Оюутолгойд 5000 орчим ажилчид байдаг бөгөөд 300-600 хүний цус цугларна хэмээн тооцоолж байгаа гэнэ. Цус цуглуулах ажлыг ЦССҮТ-ийн явуулийн баг гүйцэтгэхээр болжээ.
МУЗН-ээс донор болох хүн 17-60 насны, 45 кг-аас дээш биеийн жинтэй, эрүүл чийрэг хүн бүр донор болох бүрэн боломжтой бөгөөд таны өгсөн 350 мл цусаар гурван хүний эрдэнэт амийг аварна гэдгийг ард иргэддээ зөвлөлөө.