Жүдо бөхийн зүүн бүсийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн зүүн бүсийн АШТ боллоо

Жүдо бөхийн өсвөр үе, насанд хүрэгчдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-нд Хэнтий аймгийн төв Өндөрхаанд боллоо. Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооноос санаачлан тус тэмцээнийг ОУХМ Д.Жавхлантөгсийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Д.Жавхлантөгс нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, Дэлхийн хүүхдийн их наадмын жүдо бөхийн мөнгөн медальт, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын жүдо бөхийн холбооноос Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулсан тус тэмцээний өсвөрийн ангилалд 37 байгууллагын эрэгтэй 218, эмэгтэй 100 тамирчин оролцсон бол насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй 34 тамирчин зодогложээ.

Өсвөрийн ангилалд багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Б.Мөнхбат дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тэргүүлсэн бол Г.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэнтийн баг мөнгө, С.Энхтөр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг хүрэл медалийн эзэд болжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Б.Талынбүүвэй дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг алтан медаль хүртэж, Сүхбаатар, Хэнтий аймгийн баг мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж