26-р тойргийн дүнг хүчингүй болгохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

26-р тойргийн дүнг хүчингүй болгохыг шаардлаа

УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн дахин санал хураалт нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж хуулийн дагуу хүчингүй болгож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг холбогдох газруудад нь хүргүүлсэн талаар Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүрэгт  явуулсан санал хураалтыг хүчингүй болгох ёстой гэж үзэж Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн байна. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41,1-т “Сонгогчдын санал авах өдрийн 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж тухайн тойргийн бүх хэсэгт санал хураалтыг 20.00 цаг хүртэл явуулж иргэдийн сонгох эрхийг цаг хугацаагаар хязгаарласан.  Иймд сонгуулийн тухай хуулийн 50.1.2-т зааснаар санал авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн бол хүчингүйд тооцох гэсэн хуулийн заалттай тул тус төрийн бус байгууллагаас санал хураалтыг хүчингүй болгож хуулийн дагуу дахин санал хураалт явуулахыг шаардаж байгаа аж. Сонгуулийн Ерөнхий хороо хуулийн дагуу зохих арга хэмжээг авахгүй бол Үндсэн хуулийн цэц болон бусад зохих шатны байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авах болно хэмээн мэдэглдэж байлаа.

Санал хураалтыг эхлэхээс өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр 07-20 цаг хүртэл санал хураана гэж байсан.  Яагаад санал хураалт өнгөрсөн хойно нь ингэж хүчингүй болгох шаардлага хүргүүлж байгааг тус төрийн бус байгууллагын тэргүүн А.Гантамираас тодруулахад: “Бид ингэж хууль зөрчинө гэдгийг нь мэдээгүй. Сонгуулийн тухай хуулиараа 07-22 цаг хүртэл санал хураалт явах ёстой байсан ч бүх тойргуудын санал хураалтыг 20 цаг гэхэд зогсоосон. Бид аль нэг намын харъяалагүй, бид хуулийн дагуу л шаардлага таьвж байна” гэсэн юм.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж