
Монгол Улс түлш, шатахууны үнэ, нөөцийн хамааралд орсон энэ үед хог хаягдал боловсруулах замаар шатахуун эх орондоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Тодруулбал, гурван төрлийн хог хаягдлыг дахин боловсруулж дизель түлш болон авто бензин гарган авах Багахангай дүүрэгт байрлалтай “Ахуй мандал” үйлдвэр маргааш албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ҮХААЯ, БОНХЯ-ны албаныхан болон "Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо"-ны ерөнхийлөгч Д.Бямбасайхан нар оролцох ажээ.
“Ахуй мандал” үйлдвэрийг байгуулах тухай төслийг 2012 оны долдугаар сараас “Алтан оршихуй” ХХК боловсруулж эхэлсэн бөгөөд маргааш албан ёсны нээлтээ хийх юм байна. Үйлдвэрийн үйл явцын тухайд, хуванцар түүхий эд, машины дугуй буюу резинэн материалаас авто бензинийг, ажилласан тосноос дизель түлш гарган авах буюу орчин үеийн дэвшилтэт технологид суурилан байгальд гурван төрлийн аюултай хог хаягдлыг боловсруулах ажээ.
У.БОЛОР