Д.Ганбат: Жижиг мажоритар руу буцаад явах магадлалтай

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Жижиг мажоритар руу буцаад явах магадлалтай

Улс төрийн боловсролын академийн захирал, доктор Д.ГАНБАТТАЙ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-УИХ сонгуулийн тогтол­цоог өөрчлөхөөр хэлэл­цэж эхэллээ. Гэтэл үнэ­хээр тогтолцооны өөрч­лөлт хийх бодит шаард­лага байгаа болов уу. Судлаач хүний хувьд та яаж харж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь ерөөс гаж буруу үзэгдэл биш гэдэг нь олон ул­сын практикаас харагддаг. Гагцхүү өөрчлөх болсон шалт­гаан нь улс бүрт өөр байдаг байх. Монгол Улсын хувьд үнэ­хээр сонгуулийн тогтол­цоо­гоо өөрчилж солих шаард­лага бий болсон уу гэдгийг хэ­лэхийн тулд олон талаас нь харах ёстой. Жишээлбэл, 1990 оны анхны чөлөөт сон­гуу­лиас хойшхи 20 жилийн до­тор сонгогчдын ирц сонгуу­лиас сонгуульд жигд буурч ир­лээ. Улс даяар явуулдаг бүх нийтийн гурван шатны сон­гуулийн ирц бүгд ялгаагүй буур­сан. УИХ-ын сонгуулийн хувьд анхны сонгуультай харь­цуулбал сонгогчдын ирц 2008 онд бараг 20 хувь буур­сан байх жишээтэй. Орон нут­гийн сонгуулийнх бол бүр хү­рэхээ байсан. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ирц 2008 онд 50 хувьд ч хүрээгүй бо­лохоор дахисан шүү дээ. Ерөн­хийлөгчийн сонгуулийн ирц мөн адил анхныхтай харь­цуулбал тавны нэгээр буур­сан. Манай энэ ирцийн хувь бусад улстай харьцуулахад өндөр байгаа ч 90 гаруй ху­виас ингэж тогтвортойгоор доо­шилж буй нь яах аргагүй анхаарах ёстой дохио мөн.

-Сонгогчдын ирц сон­гуу­лийн тогтолцооноос болоод буураад байна гэж үү?

-Шууд тийм дүгнэлт хий­дэг­гүй ч ирцийн бууралт нь сон­гогчийн үйл байдал, сон­гуулийн орчныг илэрхийлэх хувьсагч болдог утгаараа ан­хаарвал зохих асуудлыг үүс­гэнэ. Манай Улс төрийн бо­ловс­ролын академиас хийдэг судалгаагаар сонгуулийг зо­хион байгуулж буй байдал шүүмжлэлд нэлээд өртөх болсон нь харагдана. Ту­хайл­бал, 2002 оны судалгааны дүнд СЕХ-ны ажилд хүн амын гуравны хоёр нь итгэдэг, маш их итгэдэг гэсэн хандлагатай байсан. Итгэдэггүй гэдэг нь гу­равны нэг байсан бол сүүлийн жи­лүүдэд  гуравны хоёр нь ха­рин СЕХ-нд итгэхээ больчих­сон байна. Найман жилийн до­тор төрийн сонгуулийг зо­хион байгуулах байгууллагад итгэх итгэл иргэдийн дунд ийн­хүү буурч буй нь мөн л ан­хаарах асуудал болсныг бүгд мэднэ. Энэ нь сонгууль, сон­гогчийн үйл байдалд нөлөөл­дөг бас л нэг дохио.
    Нөгөөтэйгүүр, сонгууль нь сонгогчдыг төлөөлөх, улс ор­ноо гайгүй шиг хөгжүүлэх чад­вартай хүн гаргаж ирдэг сис­тем гэж үзэх юм бол бас л нэг зүйл ажиглагдсаар байна. Дэл­хийн банкны засаглалын үзүүлэлтийн судалгаагаар сүүлийн найман жилд засгийн зур­гаан бүлэг үзүүлэлт ма­найд бүгд бууралттай, тэр тус­маа жигд буурсан байгаа. Өө­рөөр хэлбэл, үүнийг сонгуу­лиар гарч ирсэн, засгийг хө­дөлгөж байгаа хүмүүсийн аж­лын үзүүлэлт гэвэл 2002 оноос хойш засаг барьж бай­гаа хүч, улстөрчид өмнөхөө­сөө ажлаа улам муутгаж ирсэн гэсэн үг болно гэх мэтчилэн сонгуулийг тойрсон, түүнтэй хамааралтай олон асуудалд ахиц ажиглагдахгүй, бууралт­тай байгаа учраас энэ нь сон­гуулийн системтэй холбоотой юу гэдгийг судлах шаардлага байна уу гэвэл байна.
    Сонгуулийн асуудлыг ийм өргөн хүрээнд авч үзэх нь бас учиртай юм. Тухайлбал, ард­чилал судлаачдын үздэгээр ардчиллын хөгжилд шаардаг­дах наад захын дөрвөн эле­мен­тийн хоёр нь сонгуультай шууд холбоотой ба олон намын системийг орол­цуул­бал бүр гурван элемент хол­богддог. Гэтэл өрсөлдөөн, сон­гуультай холбоотой бүлэг хувьсагчийн хувьд монголчуу­дын зөвхөн дөрөвний нэг нь л эерэг үнэлгээ­тэй байна. Ард­чи­лалд сэтгэл ханамжтай байх, ардчиллыг дэмжих дэмж­лэг, ардчилалд итгэх ит­гэл гэсэн бидний харь­цуулдаг гурван бүлэг хувьсаг­чид нө­лөөлдөг хүчин зүйл дот­роос сон­гуулийн оролцоотой хол­боо­той хүчин зүйлс ямар ч нө­лөөгүй гэдэг нь ажиглаг­даж бай­на. Гэтэл бид сонгуу­лийг ард­чиллын амин сүнс гэж үз­дэг загвараар хөгжих Үнд­сэн хуультай байдаг. Энэ бүг­дээс сонгуулийн системийн асууд­лыг бид зайлшгүй хэ­лэлцэх цаг нь болсон гэдгийг л хэлэх гээд байна.

-УИХ-аар хэлэлцэж эхэл­сэн хуулийн хоёр төсөл пропорциональ тогтол­цоонд шилжих агуулга­тай. Гэтэл үнэндээ үү­нийг шууд сонговол дээр өгүүлсэн бүхнийг засчихна гэсэн баталгаа байна уу?

-Сонгуулийн асуудлыг ярихдаа энэ нь улс төрийн системийн маш чухал бүрдэл хэсэг, систем нь өөрчлөгдөхөд улс төрийн том системийн үйлч­лэлд шууд нөлөөлдөг хүчин зүйл гэдгийг зайлшгүй ан­хаарах хэрэгтэй. Аль сис­тем нь илүү үр дүнтэй вэ гэдэг нь тэр ул­сын тухайн үеийн улс төрийн хөгжлийн нөхцөл ямар байна гэдгээс л хамаарах зүйл. Яг өнөө­дөр Монгол дахь сон­гуу­лийн системийг шинэч­лэх асууд­лыг ярих цаг болжээ гэ­дэг дээр шийдвэр гаргагчид маань нэгдмэл байр суурьтай болсон гэдэгт би эргэлзэж л байна. Д.Лүндээжанцан, Л.Болд, Э.Бат-Үүл зэрэг цөө­хөн гишүүн л байна шүү дээ. Чу­хам яагаад системийг со­лих шаардлагатай байгаа та­лаар нэгдмэл ойлголт бүр­дээгүй, өөрчлөх шаардлага­тай гэдгийн үндэслэл нь ч бас тийм их сүйдтэй дуул­дахгүй л байна. Авлига багасна, мөнгө тараахаа болино гэх мэт инээд­тэй зүйлээс өөр юм ха­рагдах­гүй байна. Гол нь сон­гууль гэдэг чинь ард түмэн за­саг барих эрхээ эдэлж буй суурь хэлбэр, үүнийг улам чам­байруулахын тулд сонгуу­лийн системээ шинэчлэх гэж тэд ярихгүй юм. Одоогийн хэ­лэлцэж байгаа шиг хялбар­шуул­сан, явцууруулсан утгаар биш харин улс төрийн систем, засаглалын, намын системд яаж нөлөөлөх, гарах үр дагав­рыг тооцсон байдлаар ул суурь­тай үзмээр байгаа юм. Харин тэгсний дараа ямар сис­тем нь илүү өнөөдрийн энэ нөхцөл байдлыг засч залруу­лах, ардчилалд ахиц болоход тус дэмтэй вэ гэдгийг ярих байх. Сонгуулийн системийг шинэчлэх, өөрчлөхөд ийм ийм зүйлсийг анхаараарай гэсэн сурах бичиг хүртэл байж л байна.

-Ер нь дэлхийн практикт сонгуулийн системүү­дийг хэрэглэж байгаа харь­цаанаас юм ан­заа­рагддаг уу?

-Сүүлийн үеийн тоог хара­хад, дэлхийн улсуудын 40 га­руй хувь нь бидний хэлдгээр мажоритар (олонхи, дийлэн­хийн), 30 гаруй хувь нь про­пор­циональ (хувь тэнцүүлсэн төлөөллийн), 30 орчим хувь нь холимог тогтолцоог хэрэг­лэ­дэг байна. Эндээс, мажо­ритар систем дэлхийд зон­хилж байгаа нь харагдана. Гэх­дээ, сонгуулийн системийн шинэчлэл нь бүхэлдээ про­порционал төлөөллийн сис­тем рүү хийгдэж буй нь илт түгээмэл болжээ. Бүр тод­руул­бал, мажоритар систе­мээс холимог руу хийж буй шил­жилт хамгийн түгээмэл ажиг­лагдах болжээ. Харин эс­рэгээр пропорциональ систе­мээ мажоритараар сольж бай­гаа нь бараг өдрийн од шиг ховор илэрч буйг эмпирик тоо ха­руулж байна. Энэ хандла­гыг бид бас л анхаарч тооцох ёс­той юм.

-Сонгуулийн системийн давуу, сул тал гэж ярьдаг?

-Улс төрийн системийг ангилахдаа олонхийн ба зөв­шилцлийн загвар гэж ерөнхий хоёр ангилал гаргасан байдаг. Үүнээс зөвшилцлийн загвар нь улс орны хөгжилд арай илүү дөхөмтэй гэ­сэн дүгнэлт гарсан нь бий. Гэ­тэл зөвшилц­лийн загвар бү­хий улсуудын нийт­лэг зүйл нь бүгд пропор­цио­наль сон­гуу­лийн тогтол­цоо­той байдаг. Ерөн­хий оно­лоор нь харвал мажоритар сис­тем нь Монгол шиг нэгд­мэл, нийгмийн хомо­ген шинж­тэй ба зөрчил, ялга­рал бага­тай, түүхээс нь хара­хад нэг үн­дэстэн болоод хөгж­сөн орнуу­дад хэрэглэдэг. Харин олон­ло­гийн улсын жи­шээ гэвэл Бель­ги байна. Тэнд өөр өөр хэ­лээр ярьдаг нийг­мийн гур­ван том бүлэг бүхий хетероген бүтэц оршин тогт­нож ирсэн. Тийм тохиолдолд пропорцио­наль систем хэрэг­лэхээс өөр аргагүй л дээ. Иймэр­хүү зүйл байдгаас болж улс орныхоо онц­логт тохи­руулж сонгуу­лийн системээс алийг нь сон­гох сууриа хардаг байна. Мон­гол Улсын ардчил­лын хөгж­лийн өнөөгийн бай­дал, засаг­лалын институцид лавшраад байгаа ардчиллын эсрэг ханд­лага, хүний эрхийн хамгаа­лал­тын найдваргүй байдал зэр­гийг шийдэх ча­дамж, бо­ломж пропорциональ системд бий гэдэг нь маш ойлгомжтой. 

-Манай улс пропорцио­наль тогтолцоог хэрэг­лэж байсан туршлагатай шүү дээ. Болохгүй бо­лоод л сольсон юм биш үү?

-Монгол Улс сонгуулийн гол гурван системийг бүгдийг туршиж үзсэн. 1990 оны анх­ны олон нам оролцсон сонгуу­лиар Улсын Бага Хурлыг сон­гохдоо улсаа нэг тойрог бол­гон, намын нэрсээр саналаа өгдөг пропорциональ хувил­барыг нь хэрэглэсэн. 1996 оны орон нутгийн сонгуульд холи­мог системийг хэрэглэж үзлээ. Бас мажоритар системийн гол хоёр хувилбарыг хоёуланг УИХ-ын сонгуульд хэрэглээд үзчихлээ. Ерөнхийлөгчийн сон­гууль нь хоёр шатлалтай байх бололцоотой систем. Өөрөөр хэлбэл, байж болох, дэлхий дээрх түгээмэл гол системүүдийг бүгдийг нь хэ­рэглэж үзлээ. Харин судалсан нь бага. Эдгээр системүүдийг хэрэглэснээ бараг мартаж байгаа байх. Тийм учраас яагаад солиод байсан талаар дорвитой зүйл хэлэх боломж хомс байна.

-Тухайн үеийн хууль тог­тоогчид өөрсдөдөө илүү ашигтай хувилбараар Сон­гуулийн хуулийг өөр­чилдөг гэсэн шүүмж­лэл бий. Богино хуга­цаанд сонгуулийн систе­мийн бүх төрлийг хэрэг­лэсэн нь ч үүнтэй хол­боотой байх.

-Сайн тал, эерэг үр дага­вар аль алинд нь байгаа. Ха­шир­лаж байгаа маягаар ханд­вал муу тал, сөрөг үр дага­варыг илүү харах хэрэгтэй байх. Мажоритар ситем бол маш их савалгаа үүсгэдэг гэд­гийг бүгд мэднэ. Сонгогчдын байр суурийн харьцаанд ог­цом өөрчлөлт гараагүй, тогт­вортой байхад тэдгээрийн тө­лөө­лөл болох парламентад нь огцом өөрчлөлт гарчихдаг. Дайн дажин, нийгмийг доргио­сон үйл явдал болоогүй бай­хад л парламент дахь хүчний харьцаа огцом өөрчлөгдөх магадлалтай систем. Манай УИХ-ын 1992 оны сонгуулийн дүнгийн талаар Олон улсын сонгууль судлалын номонд жи­шээ болгоод оруулчихсан байна лээ. Олон мандаттай мажоритар системийг хэрэг­лэ­хээр ийм огцом, сонин үр дүнд хүрдэг юм шүү, Монго­лын 1992 сон­гуулийг хараа­рай гэсэн бай­даг. Үнэндээ сон­гогчдын та­лаас яльгүй илүү санал авсан (57 хувь) нам нь парламентын суудлын 90 гаруй хувийг авсан үр дүн гарсан шүү дээ.
    Пропорциональ систем мөн өөрийн зовлонтой. Их сайн бодож хуульчлахгүй бол ардчиллын тулгуур зарчмыг хаах гээд байдаг аюултай. Жи­шээ нь, намын нэрсийн жаг­саалтаар санал авбал сон­гогч хэнийг сонгохоо мэдэхгүй болчихдог. Зүй нь ардчиллын зарчмаар өөрийгөө төлөөлөх гишүүнийг сонгож, болохгүй бол хариуцлага тооцох, эгүү­лэн татах гээд байгаа юм л даа. Гэтэл түүнийг нь хаачих­даг. Хоёрт, орон нутгийн тө­лөө­лөл гэсэн ойлголтыг ерөө­сөө байхгүй болгочих гээд байдаг гэмтэй. Ардчиллын зарчмын дагуу бол орон нутаг парламентад ямар нэг хэлбэ­рээр төлөөлөгдсөн байх ёс­той. Цэвэр пропорциональ тог­толцоо хэрэглэлээ гээд бо­доход алслагдсан аймгуудын хувьд энэ зарчим алдагдах жишээтэй.

-Холимог систем дотроо олон янз байх уу. Эсвэл шууд л парламентын сууд­лын 50 хувийг ма­жо­ритараар, үлдсэн 50 хувийг нь пропорциона­лиар оруулаад ирэх үү?

-Пропорциональ давам­гайл­сан байх уу, мажоритар давамгайлах уу гэдгээр холи­мог систем ялгаатай. Ихэнх улс мажоритар системд суу­рилсан холимог хувилбарыг хэрэглэдэг. Ойрын жишээ гэ­вэл, Өмнөд Солонгос, Япон, Тайвань гээд бүгд холимог систем хэрэглэж байна. Япон 1994, Тайван 2007 онд, Өмнөд Солонгос саяхан энэ системд мөн шилжсэн. Манайтай л адил мажоритар системийг хэрэглэж байгаад түрүүлээд системээ өөрчилнө гэдэг нь шалтгаантай л байж таараа. Бид судлах хэрэгтэй л дээ. Өө­рөөр хэлбэл, мажоритар дээр тул­гуурласан холимог системийг судлах хэрэгтэй байна. Эдгээр улсуудад сонгуулийн системээ солиод юу бо­лов гэдэг талаар судалгаа хийж бай­гаа. Сонирхолтой дүгнэлтүүд ч байнa лээ.

-Холимог системийг сонгох эрх зүйн орчин байхгүй шүү дээ. Үндсэн хуультай зөрчил­дө­нө гэдэг?

-Харин тийм юм яриад байдаг юм. Миний ойлгож байгаагаар хуу­лийн үг үсэг ба утга санаа гэж байдаг байх. Утга санаа нь илүү гүн ач хол­богдолтой, тэр тусмаа Үндсэн хуу­лийн хувьд. Манай Үндсэн хууль ард­чилсан сонгууль, засгийн эрх, тө­лөөллийн засаглал зэрэг гүн гүнзгий утга санаа бүхий концепцитай. Эд­гээрийг илэрхийлсэн үг үсэг, өгүүл­бэр нь харин шүүмжлэлд өртөх зүйл бий. Гэлээ гээд цаад утга санааг хэн ч шүүмжлэхгүй байх. Үндсэн хуулийг сайн тогтож хараарай. Үг үсгийн хувьд УИХ-ын гишүүнийг сон­гох сонгууль гэсэн байдаг бол, дараа нь УИХ-ын сонгууль гэсэн заалт ч бий. Хүмүүс алийг нь өлгөж авч, илүүд үзмээр байна тэрийгээ дур ду­раараа л тайлбарлаад байгаа байх. Тэрнээс биш сонгуулийн систем нь ийм байна гээд хөдөлшгүй бичсэн зүйл Үндсэн хуульд байхгүй. 

-Одоо хэлэлцэж байгаа хоёр төслийн аль нь илүү да­вуу талтай байна вэ?

-Нийтлэг илрэлээрээ том газар нутгаа нэг тойрог болгосон улс про­порциональ систем хэрэглэж байгаа нь бараг алга. Сая манайд ирсэн гад­нын нэг экспертийн хэлснээр газар нутгийн хувьд Монгол шиг ба түүнээс дээш хэмжээтэй нэг ч улс энэ систе­мийг дангаар нь хэрэглэсэн тохиол­дол алга гэнэ лээ. Жижиг газар ну­тагтай, нягт суурьшсан улс дотор ха­рин пропорциональ системийг хэрэг­лэдэг нь түгээмэл аж. Д.Лүндээжан­цан гишүүний ахалсан ажлын хэс­гийн төслийн нэг дутагдал нь энэ. Учир нь сонгуулийн системийн үйлч­лэлд тавигддаг шаардлага утгаараа орон нутгийг төлөөлүүлэх гэсэн зарчим энд байхгүй байна. Үүнээс шууд үүдэн гардаг төлөөллийн ард­чиллын бас нэг зарчим болох иргэ­дийн зүгээс нэхэх хариуцлагын меха­низм мөн үгүй болно. Өнөөдөр, худал үнэн ч гэсэн сонгогчидтойгоо уулзах­даа гишүүд айдаггүй юмаа гэхэд за­рим­даа аягүй байх нөхцөл манайд байна. Тэгвэл энэ байхгүй болно. Ул­сын Бага Хурлыг ингэж сонгоод бо­лоод байсан шүү дээ гэж магад. Тэг­вэл тэр үед орон нутгийн төлөөлөл болж АИХ байсан юм. Сонгуулийн сис­темийг шүүдэг дараагийн нэг зүйл гэвэл, сонгогч эрхээ эдлэхэд тэрээр түвэг учруулахааргүй байх ёстой гэдэг. Хэрэв арван нам сонгуульд орол­цоод, 76 хүн нэр дэвшүүлбэл са­налын хуудсанд 760 нэр байх нь. Их жижиг хэмжээгээр нэрсийг бичихэд л ширээний талд багтахааргүй том са­налын хуудас болох нь ээ. Тэндээс их л сайндаа сонссон хүнээ олбол дугуйлна. Тийм том хуудсаар санал ав­лаа гэхэд одоогийн санал өгөх кабин дотор дэлгэж харахад их л тө­вөг учирна. Ядаж л сонгогчид сана­лаа өгөх эвтэйхэн том ширээ авах нь. Дээр нь уг саналын хуудсыг тоолох тө­хөөрөмж ямар байх бол гэх мэ­тээр сонгуулийн системээс урган гарах жирийн боловч янз бүрийн үр дага­вартай асуудал гараад л ирнэ. Сон­гуулийн үйл явцтай холбоотой дө­рөвхөн шаардлагаас нэг нь хангалт­гүй, нөгөө нь нэлээд хэл ам татла­хаар байна шүү дээ.
    Л.Болд гишүүний төсөл үүнээс арай дээр. Ядаж л тойрог үүсгэсэн бо­лохоор саналын хуудас нь арай жижгэрээд явна. Нийтлэг жишгээр бол нэг тойрогт 3-7 мандаттай, тэр нь сондгой тоотой байхад нэлээд оновч­той юм гэдэг. Хангалттай тө­лөөлөлтэй, хувь тэнцүүлсэн утга нь тод байхын тулд мэдээж хэрэг ман­датын тоо их байх нь чухал юм. Тойр­гуудтай хувилбар учраас төлөөллийн ардчиллын утга энэ төсөлд илүү тод харагдаж байгаа ба гишүүддээ ха­риуцлага тооцох, шаардлагатай бол эгүүлэн татах зэрэг сонгогчдын эрх биеллээ олох механизм энд байна. Гэх­дээ, сонгогчдын өгсөн саналын дагуу суудал хуваарилах арга нь өө­рөө далд бэрхшээлийг үүсгэдэг гэд­гийг анхаарах хэрэгтэй болов уу.
Ерөнхийд нь эл хоёр хувилбарыг харьцуулаад хэлэхэд эхний төсөлд про­порциональ системийн сул тал илүү­тэй, удаахь төсөлд харин давуу тал нь илүү туссан харагдана. 

-Л.Болд гишүүний төслөөр бол сонгуулийн газар зүй гэсэн ши­нэ ойлголт Монголд орж ирэх нь. Гэхдээ их асуудалтай бо­лол­той. Жишээ нь, үндэсний цөөнх амьдардаг Баян-Өлгий аймгийг тэр газар зүйгээр яаж тусгах вэ?

-Энд бодох зүйл байгаа юу гэвэл байгаа. Нэг талаас Э.Бат-Үүл гишүү­ний хэлсэнчлэн ОХУ 100 гаруй үн­дэс­тэн ястантай, гэхдээ бүгд орос гэ­дэг гэж жишээ болгосныг анхаарах. Нөгөө талаас пропорциональ систем аливаа цөөнхөд ээлтэй байдаг гэд­гийг мөн харгалзах байх. Үүний зэ­рэг­цээ эмэгтэйчүүдийн квот бай­на. Өргөн бариад буй хуулийн төс­лөөр эмэгтэйчүүд сонгогдох магад­лал нэмэгдсэн гэж хэлэх боломж бага байна. 15-аас доошгүй хувьд нь эмэг­тэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн ганц­хан заалттай. Ийм байхад ам­жил­­тад хүрэх үү. Эмэгтэйчүүдийг пар­­­ла­ментад оруулна гэвэл өчнөөн олон хувилбар байдаг байна. Бусад улсын жишгээр, 15 хувиар тооцвол нэрсийн жагсаалтад зургаан нэр дэв­шиг­чийн дунд нэг эмэгтэй оруулна гээд заачихсан байдаг. Тэгвэл эхний 30 сонгогдоход таван эмэгтэй шууд орж ирэх бололцоотой. Үнэхээр эмэг­­тэйчүүдийг оруулъя гэж бодсон бол илүү өргөн боломж нээх ёстой л доо. 

-Хэрэв төслийн хүрээнд бод­вол долоон хувийн босго да­вах гуравдагч нам Монголд байна уу. Харин ч хоёр нам өрсөлдөгчгүй ялаад гарах дүр зураг харагдаад байна?

-Монголд долоон хувийн босгыг дангаараа давах гуравдагч нам одоогоор алга. Судалгаагаар ИЗН-ын оргил нь 11-12 хувь байсан. Одоо таван хувьтай байна. Жижиг намууд эвсэх үйл явцад энэ нөлөөлнө. МНН, ИЗН хоёр нэгдэх тийшээ байна. Сон­гуулийн систем зөв байвал намууд чадамжтай болж ирдэг. Улс төрийн намууд, сонгуулийн систем хоёр үүгээ­рээ холбоотой. Ча­дамжтай, мэдрэмжтэй, хүчтэй нам байх нь улс орны хөгжилд л тустай. Про­пор­цио­наль систем намуудын чанарын шал­гарал бий болгодог гэдэг.

-Тэгэхээр долоон хувийн босго боломжтой гэж үү?

-Герман анх босго тавьсан бай­даг. II дайны дараа Германд хэт ба­рууны, эсвэл хэт зүүний намууд бий болсон. Хэт нэг талыг барьсан нам нийгэмд ямар ч хэрэггүй. Үүнийг хаах үүднээс л босго тавьсан. Одоо дэл­хий дээр хамгийн өндөр босго хэрэг­лэсэн улс бол Турк юм. Арван хувиар тогтоосон байдаг. Гэтэл арван ху­вийн босго хэрэглэсэн сонгуульд нь сонгогчдын 45 гаруй хувийн санал гээгдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, босго өндөр байх тусмаа сонгогчдын санал гээгдэх магадлал нэмэгддэг гэсэн үг. Бүр доогуур тавьбал тэр нь бэ­лэгд­лийн шинжтэй л байна. Хамгийн бага нь 0.25 хувийн босготой улс бий. Энгээд бодохоор тухайн улс орон өөрийн онцлогтоо тохируулж босгоо тогтоох ёстой юм. Миний хувьд до­лоон хувь гэдэг өндөр босго. 80 мян­ган санал гээгдэнэ гэдэг нэг аймаг гээгдэж байгаатай адил. Энэ мэтчи­лэн олон хүчин зүйлийг харж байж л босгоо тогтоох ёстой. Босго өндөр бай­вал сонгогчдын санал ихээр гээгд­дэг, бага байвал олон жижиг нам орж ирээд парламентын ажил цалгард­даг. Тиймээс алтан дунджаа л олох ёстой.

-Хоёр төслийг нэгтгэж хэлэл­цэх шийдэлд УИХ ерөнхийдөө хүрээд байна. Гол зарчмуудыг нь нэгтгэх бололцоо байна уу?

-Харин тийм, дундаас нь нэг юм гаргачихна гэж хандаад байгаа байх­гүй юу. Хэдийгээр хоёулаа пропор­циональ ч УИХ-ын асуудалд хандаж байгаа хандлага нь их хялбар, меха­ник байдлаар өнгөц байгаад байдаг. Тэгэхлээр л шийдвэр гаргагчид энэ асуудалд ул суурьтай хандах болов уу гэдэгт эргэлзээ төрөөд байгаа юм. 

-Ер нь энэ УИХ-д сонгуулийн тог­толцоог өөрчлөх зориг бай­на уу. Хэдийгээр хуулийн төс­лүүд өргөн баригдсан ч бат­лах­гүй гэсэн яриа гараад ам­жиж. Шуудхан асуухад, одоо­гийн УИХ-д сонгуулийн тогтол­цооны өөрчлөлт ашигтай юу?

-Нэгэнт асуудал үүсчихсэн боло­хоор ярьж хэлэлцэх л байх. Нарийн мэдээлэлгүй болохоор хүсэл зориг байна уу гэдгийг шууд хэлэх боломж алга. Гэхдээ, УИХ-ын төвшинд инс­ти­туцийн хувьд тийм хүсэл зориг бай­на уу гэдэгт эргэлзээ байна. Дээр хэлсэн байдлаас гадна тойргийн мөнгө нэг тэрбум төгрөг болчихлоо. Үүнийг янз бүрээр шүүмжлээд, Ерөн­хийлөгч хориг тавиад, Үндсэн хуу­лийн Цэц нь хууль зөрчлөө гээд бай­хад тоож байгаа хүн алга. Тэгэ­хээр Сонгуулийн хуулийн тэр ганц нэг үсэг заалтыг хэлэлцсэн болж бай­гаад нэг мандат бүхий 76 тойрог­той мажори­тар руу буцаад явах ма­гадлал ч бай­на. Одоогоор пропор­цио­наль систем, засгийн механизмд түүний үзүүлэх нөлөөлөл зэргийг ярьж байгаа нь цөөнх байна. Гэхдээ давуу тал энд бий. Ядаж л сонгуу­лийн системийг өөрчлөхгүй юм гэхэд сонгуультай холбоотой асуудлууд олон нийтэд ил тод болж эхэллээ.

-Монгол Улс сонгуулийн бүх тог­­толцоог, бүр сонгодог хэл­бэ­рүүдийг нь хэрэг­лэчи­хэж. Одоо тогтолцооны өөрч­лөлт хийлээ гэхэд ямар үр дүн гарах бол?

-Хамгийн түрүүнд энэ системийн өөрчлөлт Монголын сонгогчдод сон­гох эрхээ эдлэхэд ямар шинэ юм авч­рах вэ гэдгийг л ярих хэрэгтэй. Хоёрт, засаглалын институцид өвчин эмгэг болсон авлига, эдийн засгийн бүлэг­лэлийн нөлөөлөл, хаалттай, протек­ционист бодлогыг өөгшүүлж буй улс төрийн орчноос энэ шинэ систем нь яаж ангижруулах гээд байна. Ард­чил­сан нэртэй төрийн байгуул­ла­гуудын ил тод, нээлттэй, хариуцлага даах чадамж яаж нэмэгдэх, ард түмний элч болсон УИХ-ын гишүү­дийн ёс зүй, улсаа гэсэн сэтгэлгээ нэмэгдэхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт асуултыг шалгуур болгож ха­рахаас л эхэлбэл маш их хэрэгтэй байна. Эс тэгвээс сонгуулийн аль ч сис­тем улс орны хөгжилд нэмэр бо­лохгүй. Сонгуулийн системийг ийн­хүү том цар хүрээнд харж хандахгүй бол иргэд сонгогчдыг сонгуулийн ард­чилсан агуулгаас хөндийрүүлэх л болно. Сонгууль бол ардчиллын амин сүнс нь юм аа гэдгийг л айхтар он­цолмоор байна. Гол нь манай Үнд­сэн хуулиар засгийн бүх эрх ард түм­ний гарт байна гэдгээс үүдэн уг хууль Монголын сонгогчийн эрхээ эдлэх болон сонгогчийн үйл байдалд яаж нө­лөөлөх вэ, үүний үндсэн дээр Монголын ардчиллын хөгжил хэр илүү баталгаажих вэ гэдэг хэмжүү­рээр асуудлыг шийдэх нь зөв юм.

Ч.ГАНГЭРЭЛ.
Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж