
-УИХ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр хэлэлцэж эхэллээ. Гэтэл үнэхээр тогтолцооны өөрчлөлт хийх бодит шаардлага байгаа болов уу. Судлаач хүний хувьд та яаж харж байна вэ?
-Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь ерөөс гаж буруу үзэгдэл биш гэдэг нь олон улсын практикаас харагддаг. Гагцхүү өөрчлөх болсон шалтгаан нь улс бүрт өөр байдаг байх. Монгол Улсын хувьд үнэхээр сонгуулийн тогтолцоогоо өөрчилж солих шаардлага бий болсон уу гэдгийг хэлэхийн тулд олон талаас нь харах ёстой. Жишээлбэл, 1990 оны анхны чөлөөт сонгуулиас хойшхи 20 жилийн дотор сонгогчдын ирц сонгуулиас сонгуульд жигд буурч ирлээ. Улс даяар явуулдаг бүх нийтийн гурван шатны сонгуулийн ирц бүгд ялгаагүй буурсан. УИХ-ын сонгуулийн хувьд анхны сонгуультай харьцуулбал сонгогчдын ирц 2008 онд бараг 20 хувь буурсан байх жишээтэй. Орон нутгийн сонгуулийнх бол бүр хүрэхээ байсан. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ирц 2008 онд 50 хувьд ч хүрээгүй болохоор дахисан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц мөн адил анхныхтай харьцуулбал тавны нэгээр буурсан. Манай энэ ирцийн хувь бусад улстай харьцуулахад өндөр байгаа ч 90 гаруй хувиас ингэж тогтвортойгоор доошилж буй нь яах аргагүй анхаарах ёстой дохио мөн.
-Сонгогчдын ирц сонгуулийн тогтолцооноос болоод буураад байна гэж үү?
-Шууд тийм дүгнэлт хийдэггүй ч ирцийн бууралт нь сонгогчийн үйл байдал, сонгуулийн орчныг илэрхийлэх хувьсагч болдог утгаараа анхаарвал зохих асуудлыг үүсгэнэ. Манай Улс төрийн боловсролын академиас хийдэг судалгаагаар сонгуулийг зохион байгуулж буй байдал шүүмжлэлд нэлээд өртөх болсон нь харагдана. Тухайлбал, 2002 оны судалгааны дүнд СЕХ-ны ажилд хүн амын гуравны хоёр нь итгэдэг, маш их итгэдэг гэсэн хандлагатай байсан. Итгэдэггүй гэдэг нь гуравны нэг байсан бол сүүлийн жилүүдэд гуравны хоёр нь харин СЕХ-нд итгэхээ больчихсон байна. Найман жилийн дотор төрийн сонгуулийг зохион байгуулах байгууллагад итгэх итгэл иргэдийн дунд ийнхүү буурч буй нь мөн л анхаарах асуудал болсныг бүгд мэднэ. Энэ нь сонгууль, сонгогчийн үйл байдалд нөлөөлдөг бас л нэг дохио.
Нөгөөтэйгүүр, сонгууль нь сонгогчдыг төлөөлөх, улс орноо гайгүй шиг хөгжүүлэх чадвартай хүн гаргаж ирдэг систем гэж үзэх юм бол бас л нэг зүйл ажиглагдсаар байна. Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтийн судалгаагаар сүүлийн найман жилд засгийн зургаан бүлэг үзүүлэлт манайд бүгд бууралттай, тэр тусмаа жигд буурсан байгаа. Өөрөөр хэлбэл, үүнийг сонгуулиар гарч ирсэн, засгийг хөдөлгөж байгаа хүмүүсийн ажлын үзүүлэлт гэвэл 2002 оноос хойш засаг барьж байгаа хүч, улстөрчид өмнөхөөсөө ажлаа улам муутгаж ирсэн гэсэн үг болно гэх мэтчилэн сонгуулийг тойрсон, түүнтэй хамааралтай олон асуудалд ахиц ажиглагдахгүй, бууралттай байгаа учраас энэ нь сонгуулийн системтэй холбоотой юу гэдгийг судлах шаардлага байна уу гэвэл байна.
Сонгуулийн асуудлыг ийм өргөн хүрээнд авч үзэх нь бас учиртай юм. Тухайлбал, ардчилал судлаачдын үздэгээр ардчиллын хөгжилд шаардагдах наад захын дөрвөн элементийн хоёр нь сонгуультай шууд холбоотой ба олон намын системийг оролцуулбал бүр гурван элемент холбогддог. Гэтэл өрсөлдөөн, сонгуультай холбоотой бүлэг хувьсагчийн хувьд монголчуудын зөвхөн дөрөвний нэг нь л эерэг үнэлгээтэй байна. Ардчилалд сэтгэл ханамжтай байх, ардчиллыг дэмжих дэмжлэг, ардчилалд итгэх итгэл гэсэн бидний харьцуулдаг гурван бүлэг хувьсагчид нөлөөлдөг хүчин зүйл дотроос сонгуулийн оролцоотой холбоотой хүчин зүйлс ямар ч нөлөөгүй гэдэг нь ажиглагдаж байна. Гэтэл бид сонгуулийг ардчиллын амин сүнс гэж үздэг загвараар хөгжих Үндсэн хуультай байдаг. Энэ бүгдээс сонгуулийн системийн асуудлыг бид зайлшгүй хэлэлцэх цаг нь болсон гэдгийг л хэлэх гээд байна.
-УИХ-аар хэлэлцэж эхэлсэн хуулийн хоёр төсөл пропорциональ тогтолцоонд шилжих агуулгатай. Гэтэл үнэндээ үүнийг шууд сонговол дээр өгүүлсэн бүхнийг засчихна гэсэн баталгаа байна уу?
-Сонгуулийн асуудлыг ярихдаа энэ нь улс төрийн системийн маш чухал бүрдэл хэсэг, систем нь өөрчлөгдөхөд улс төрийн том системийн үйлчлэлд шууд нөлөөлдөг хүчин зүйл гэдгийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Аль систем нь илүү үр дүнтэй вэ гэдэг нь тэр улсын тухайн үеийн улс төрийн хөгжлийн нөхцөл ямар байна гэдгээс л хамаарах зүйл. Яг өнөөдөр Монгол дахь сонгуулийн системийг шинэчлэх асуудлыг ярих цаг болжээ гэдэг дээр шийдвэр гаргагчид маань нэгдмэл байр суурьтай болсон гэдэгт би эргэлзэж л байна. Д.Лүндээжанцан, Л.Болд, Э.Бат-Үүл зэрэг цөөхөн гишүүн л байна шүү дээ. Чухам яагаад системийг солих шаардлагатай байгаа талаар нэгдмэл ойлголт бүрдээгүй, өөрчлөх шаардлагатай гэдгийн үндэслэл нь ч бас тийм их сүйдтэй дуулдахгүй л байна. Авлига багасна, мөнгө тараахаа болино гэх мэт инээдтэй зүйлээс өөр юм харагдахгүй байна. Гол нь сонгууль гэдэг чинь ард түмэн засаг барих эрхээ эдэлж буй суурь хэлбэр, үүнийг улам чамбайруулахын тулд сонгуулийн системээ шинэчлэх гэж тэд ярихгүй юм. Одоогийн хэлэлцэж байгаа шиг хялбаршуулсан, явцууруулсан утгаар биш харин улс төрийн систем, засаглалын, намын системд яаж нөлөөлөх, гарах үр дагаврыг тооцсон байдлаар ул суурьтай үзмээр байгаа юм. Харин тэгсний дараа ямар систем нь илүү өнөөдрийн энэ нөхцөл байдлыг засч залруулах, ардчилалд ахиц болоход тус дэмтэй вэ гэдгийг ярих байх. Сонгуулийн системийг шинэчлэх, өөрчлөхөд ийм ийм зүйлсийг анхаараарай гэсэн сурах бичиг хүртэл байж л байна.
-Ер нь дэлхийн практикт сонгуулийн системүүдийг хэрэглэж байгаа харьцаанаас юм анзаарагддаг уу?
-Сүүлийн үеийн тоог харахад, дэлхийн улсуудын 40 гаруй хувь нь бидний хэлдгээр мажоритар (олонхи, дийлэнхийн), 30 гаруй хувь нь пропорциональ (хувь тэнцүүлсэн төлөөллийн), 30 орчим хувь нь холимог тогтолцоог хэрэглэдэг байна. Эндээс, мажоритар систем дэлхийд зонхилж байгаа нь харагдана. Гэхдээ, сонгуулийн системийн шинэчлэл нь бүхэлдээ пропорционал төлөөллийн систем рүү хийгдэж буй нь илт түгээмэл болжээ. Бүр тодруулбал, мажоритар системээс холимог руу хийж буй шилжилт хамгийн түгээмэл ажиглагдах болжээ. Харин эсрэгээр пропорциональ системээ мажоритараар сольж байгаа нь бараг өдрийн од шиг ховор илэрч буйг эмпирик тоо харуулж байна. Энэ хандлагыг бид бас л анхаарч тооцох ёстой юм.
-Сонгуулийн системийн давуу, сул тал гэж ярьдаг?
-Улс төрийн системийг ангилахдаа олонхийн ба зөвшилцлийн загвар гэж ерөнхий хоёр ангилал гаргасан байдаг. Үүнээс зөвшилцлийн загвар нь улс орны хөгжилд арай илүү дөхөмтэй гэсэн дүгнэлт гарсан нь бий. Гэтэл зөвшилцлийн загвар бүхий улсуудын нийтлэг зүйл нь бүгд пропорциональ сонгуулийн тогтолцоотой байдаг. Ерөнхий онолоор нь харвал мажоритар систем нь Монгол шиг нэгдмэл, нийгмийн хомоген шинжтэй ба зөрчил, ялгарал багатай, түүхээс нь харахад нэг үндэстэн болоод хөгжсөн орнуудад хэрэглэдэг. Харин олонлогийн улсын жишээ гэвэл Бельги байна. Тэнд өөр өөр хэлээр ярьдаг нийгмийн гурван том бүлэг бүхий хетероген бүтэц оршин тогтнож ирсэн. Тийм тохиолдолд пропорциональ систем хэрэглэхээс өөр аргагүй л дээ. Иймэрхүү зүйл байдгаас болж улс орныхоо онцлогт тохируулж сонгуулийн системээс алийг нь сонгох сууриа хардаг байна. Монгол Улсын ардчиллын хөгжлийн өнөөгийн байдал, засаглалын институцид лавшраад байгаа ардчиллын эсрэг хандлага, хүний эрхийн хамгаалалтын найдваргүй байдал зэргийг шийдэх чадамж, боломж пропорциональ системд бий гэдэг нь маш ойлгомжтой.
-Манай улс пропорциональ тогтолцоог хэрэглэж байсан туршлагатай шүү дээ. Болохгүй болоод л сольсон юм биш үү?
-Монгол Улс сонгуулийн гол гурван системийг бүгдийг туршиж үзсэн. 1990 оны анхны олон нам оролцсон сонгуулиар Улсын Бага Хурлыг сонгохдоо улсаа нэг тойрог болгон, намын нэрсээр саналаа өгдөг пропорциональ хувилбарыг нь хэрэглэсэн. 1996 оны орон нутгийн сонгуульд холимог системийг хэрэглэж үзлээ. Бас мажоритар системийн гол хоёр хувилбарыг хоёуланг УИХ-ын сонгуульд хэрэглээд үзчихлээ. Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр шатлалтай байх бололцоотой систем. Өөрөөр хэлбэл, байж болох, дэлхий дээрх түгээмэл гол системүүдийг бүгдийг нь хэрэглэж үзлээ. Харин судалсан нь бага. Эдгээр системүүдийг хэрэглэснээ бараг мартаж байгаа байх. Тийм учраас яагаад солиод байсан талаар дорвитой зүйл хэлэх боломж хомс байна.
-Тухайн үеийн хууль тогтоогчид өөрсдөдөө илүү ашигтай хувилбараар Сонгуулийн хуулийг өөрчилдөг гэсэн шүүмжлэл бий. Богино хугацаанд сонгуулийн системийн бүх төрлийг хэрэглэсэн нь ч үүнтэй холбоотой байх.
-Сайн тал, эерэг үр дагавар аль алинд нь байгаа. Хаширлаж байгаа маягаар хандвал муу тал, сөрөг үр дагаварыг илүү харах хэрэгтэй байх. Мажоритар ситем бол маш их савалгаа үүсгэдэг гэдгийг бүгд мэднэ. Сонгогчдын байр суурийн харьцаанд огцом өөрчлөлт гараагүй, тогтвортой байхад тэдгээрийн төлөөлөл болох парламентад нь огцом өөрчлөлт гарчихдаг. Дайн дажин, нийгмийг доргиосон үйл явдал болоогүй байхад л парламент дахь хүчний харьцаа огцом өөрчлөгдөх магадлалтай систем. Манай УИХ-ын 1992 оны сонгуулийн дүнгийн талаар Олон улсын сонгууль судлалын номонд жишээ болгоод оруулчихсан байна лээ. Олон мандаттай мажоритар системийг хэрэглэхээр ийм огцом, сонин үр дүнд хүрдэг юм шүү, Монголын 1992 сонгуулийг хараарай гэсэн байдаг. Үнэндээ сонгогчдын талаас яльгүй илүү санал авсан (57 хувь) нам нь парламентын суудлын 90 гаруй хувийг авсан үр дүн гарсан шүү дээ.
Пропорциональ систем мөн өөрийн зовлонтой. Их сайн бодож хуульчлахгүй бол ардчиллын тулгуур зарчмыг хаах гээд байдаг аюултай. Жишээ нь, намын нэрсийн жагсаалтаар санал авбал сонгогч хэнийг сонгохоо мэдэхгүй болчихдог. Зүй нь ардчиллын зарчмаар өөрийгөө төлөөлөх гишүүнийг сонгож, болохгүй бол хариуцлага тооцох, эгүүлэн татах гээд байгаа юм л даа. Гэтэл түүнийг нь хаачихдаг. Хоёрт, орон нутгийн төлөөлөл гэсэн ойлголтыг ерөөсөө байхгүй болгочих гээд байдаг гэмтэй. Ардчиллын зарчмын дагуу бол орон нутаг парламентад ямар нэг хэлбэрээр төлөөлөгдсөн байх ёстой. Цэвэр пропорциональ тогтолцоо хэрэглэлээ гээд бодоход алслагдсан аймгуудын хувьд энэ зарчим алдагдах жишээтэй.
-Холимог систем дотроо олон янз байх уу. Эсвэл шууд л парламентын суудлын 50 хувийг мажоритараар, үлдсэн 50 хувийг нь пропорционалиар оруулаад ирэх үү?
-Пропорциональ давамгайлсан байх уу, мажоритар давамгайлах уу гэдгээр холимог систем ялгаатай. Ихэнх улс мажоритар системд суурилсан холимог хувилбарыг хэрэглэдэг. Ойрын жишээ гэвэл, Өмнөд Солонгос, Япон, Тайвань гээд бүгд холимог систем хэрэглэж байна. Япон 1994, Тайван 2007 онд, Өмнөд Солонгос саяхан энэ системд мөн шилжсэн. Манайтай л адил мажоритар системийг хэрэглэж байгаад түрүүлээд системээ өөрчилнө гэдэг нь шалтгаантай л байж таараа. Бид судлах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, мажоритар дээр тулгуурласан холимог системийг судлах хэрэгтэй байна. Эдгээр улсуудад сонгуулийн системээ солиод юу болов гэдэг талаар судалгаа хийж байгаа. Сонирхолтой дүгнэлтүүд ч байнa лээ.
-Холимог системийг сонгох эрх зүйн орчин байхгүй шүү дээ. Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг?
-Харин тийм юм яриад байдаг юм. Миний ойлгож байгаагаар хуулийн үг үсэг ба утга санаа гэж байдаг байх. Утга санаа нь илүү гүн ач холбогдолтой, тэр тусмаа Үндсэн хуулийн хувьд. Манай Үндсэн хууль ардчилсан сонгууль, засгийн эрх, төлөөллийн засаглал зэрэг гүн гүнзгий утга санаа бүхий концепцитай. Эдгээрийг илэрхийлсэн үг үсэг, өгүүлбэр нь харин шүүмжлэлд өртөх зүйл бий. Гэлээ гээд цаад утга санааг хэн ч шүүмжлэхгүй байх. Үндсэн хуулийг сайн тогтож хараарай. Үг үсгийн хувьд УИХ-ын гишүүнийг сонгох сонгууль гэсэн байдаг бол, дараа нь УИХ-ын сонгууль гэсэн заалт ч бий. Хүмүүс алийг нь өлгөж авч, илүүд үзмээр байна тэрийгээ дур дураараа л тайлбарлаад байгаа байх. Тэрнээс биш сонгуулийн систем нь ийм байна гээд хөдөлшгүй бичсэн зүйл Үндсэн хуульд байхгүй.
-Одоо хэлэлцэж байгаа хоёр төслийн аль нь илүү давуу талтай байна вэ?
-Нийтлэг илрэлээрээ том газар нутгаа нэг тойрог болгосон улс пропорциональ систем хэрэглэж байгаа нь бараг алга. Сая манайд ирсэн гаднын нэг экспертийн хэлснээр газар нутгийн хувьд Монгол шиг ба түүнээс дээш хэмжээтэй нэг ч улс энэ системийг дангаар нь хэрэглэсэн тохиолдол алга гэнэ лээ. Жижиг газар нутагтай, нягт суурьшсан улс дотор харин пропорциональ системийг хэрэглэдэг нь түгээмэл аж. Д.Лүндээжанцан гишүүний ахалсан ажлын хэсгийн төслийн нэг дутагдал нь энэ. Учир нь сонгуулийн системийн үйлчлэлд тавигддаг шаардлага утгаараа орон нутгийг төлөөлүүлэх гэсэн зарчим энд байхгүй байна. Үүнээс шууд үүдэн гардаг төлөөллийн ардчиллын бас нэг зарчим болох иргэдийн зүгээс нэхэх хариуцлагын механизм мөн үгүй болно. Өнөөдөр, худал үнэн ч гэсэн сонгогчидтойгоо уулзахдаа гишүүд айдаггүй юмаа гэхэд заримдаа аягүй байх нөхцөл манайд байна. Тэгвэл энэ байхгүй болно. Улсын Бага Хурлыг ингэж сонгоод болоод байсан шүү дээ гэж магад. Тэгвэл тэр үед орон нутгийн төлөөлөл болж АИХ байсан юм. Сонгуулийн системийг шүүдэг дараагийн нэг зүйл гэвэл, сонгогч эрхээ эдлэхэд тэрээр түвэг учруулахааргүй байх ёстой гэдэг. Хэрэв арван нам сонгуульд оролцоод, 76 хүн нэр дэвшүүлбэл саналын хуудсанд 760 нэр байх нь. Их жижиг хэмжээгээр нэрсийг бичихэд л ширээний талд багтахааргүй том саналын хуудас болох нь ээ. Тэндээс их л сайндаа сонссон хүнээ олбол дугуйлна. Тийм том хуудсаар санал авлаа гэхэд одоогийн санал өгөх кабин дотор дэлгэж харахад их л төвөг учирна. Ядаж л сонгогчид саналаа өгөх эвтэйхэн том ширээ авах нь. Дээр нь уг саналын хуудсыг тоолох төхөөрөмж ямар байх бол гэх мэтээр сонгуулийн системээс урган гарах жирийн боловч янз бүрийн үр дагавартай асуудал гараад л ирнэ. Сонгуулийн үйл явцтай холбоотой дөрөвхөн шаардлагаас нэг нь хангалтгүй, нөгөө нь нэлээд хэл ам татлахаар байна шүү дээ.
Л.Болд гишүүний төсөл үүнээс арай дээр. Ядаж л тойрог үүсгэсэн болохоор саналын хуудас нь арай жижгэрээд явна. Нийтлэг жишгээр бол нэг тойрогт 3-7 мандаттай, тэр нь сондгой тоотой байхад нэлээд оновчтой юм гэдэг. Хангалттай төлөөлөлтэй, хувь тэнцүүлсэн утга нь тод байхын тулд мэдээж хэрэг мандатын тоо их байх нь чухал юм. Тойргуудтай хувилбар учраас төлөөллийн ардчиллын утга энэ төсөлд илүү тод харагдаж байгаа ба гишүүддээ хариуцлага тооцох, шаардлагатай бол эгүүлэн татах зэрэг сонгогчдын эрх биеллээ олох механизм энд байна. Гэхдээ, сонгогчдын өгсөн саналын дагуу суудал хуваарилах арга нь өөрөө далд бэрхшээлийг үүсгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.
Ерөнхийд нь эл хоёр хувилбарыг харьцуулаад хэлэхэд эхний төсөлд пропорциональ системийн сул тал илүүтэй, удаахь төсөлд харин давуу тал нь илүү туссан харагдана.
-Л.Болд гишүүний төслөөр бол сонгуулийн газар зүй гэсэн шинэ ойлголт Монголд орж ирэх нь. Гэхдээ их асуудалтай бололтой. Жишээ нь, үндэсний цөөнх амьдардаг Баян-Өлгий аймгийг тэр газар зүйгээр яаж тусгах вэ?
-Энд бодох зүйл байгаа юу гэвэл байгаа. Нэг талаас Э.Бат-Үүл гишүүний хэлсэнчлэн ОХУ 100 гаруй үндэстэн ястантай, гэхдээ бүгд орос гэдэг гэж жишээ болгосныг анхаарах. Нөгөө талаас пропорциональ систем аливаа цөөнхөд ээлтэй байдаг гэдгийг мөн харгалзах байх. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн квот байна. Өргөн бариад буй хуулийн төслөөр эмэгтэйчүүд сонгогдох магадлал нэмэгдсэн гэж хэлэх боломж бага байна. 15-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн ганцхан заалттай. Ийм байхад амжилтад хүрэх үү. Эмэгтэйчүүдийг парламентад оруулна гэвэл өчнөөн олон хувилбар байдаг байна. Бусад улсын жишгээр, 15 хувиар тооцвол нэрсийн жагсаалтад зургаан нэр дэвшигчийн дунд нэг эмэгтэй оруулна гээд заачихсан байдаг. Тэгвэл эхний 30 сонгогдоход таван эмэгтэй шууд орж ирэх бололцоотой. Үнэхээр эмэгтэйчүүдийг оруулъя гэж бодсон бол илүү өргөн боломж нээх ёстой л доо.
-Хэрэв төслийн хүрээнд бодвол долоон хувийн босго давах гуравдагч нам Монголд байна уу. Харин ч хоёр нам өрсөлдөгчгүй ялаад гарах дүр зураг харагдаад байна?
-Монголд долоон хувийн босгыг дангаараа давах гуравдагч нам одоогоор алга. Судалгаагаар ИЗН-ын оргил нь 11-12 хувь байсан. Одоо таван хувьтай байна. Жижиг намууд эвсэх үйл явцад энэ нөлөөлнө. МНН, ИЗН хоёр нэгдэх тийшээ байна. Сонгуулийн систем зөв байвал намууд чадамжтай болж ирдэг. Улс төрийн намууд, сонгуулийн систем хоёр үүгээрээ холбоотой. Чадамжтай, мэдрэмжтэй, хүчтэй нам байх нь улс орны хөгжилд л тустай. Пропорциональ систем намуудын чанарын шалгарал бий болгодог гэдэг.
-Тэгэхээр долоон хувийн босго боломжтой гэж үү?
-Герман анх босго тавьсан байдаг. II дайны дараа Германд хэт барууны, эсвэл хэт зүүний намууд бий болсон. Хэт нэг талыг барьсан нам нийгэмд ямар ч хэрэггүй. Үүнийг хаах үүднээс л босго тавьсан. Одоо дэлхий дээр хамгийн өндөр босго хэрэглэсэн улс бол Турк юм. Арван хувиар тогтоосон байдаг. Гэтэл арван хувийн босго хэрэглэсэн сонгуульд нь сонгогчдын 45 гаруй хувийн санал гээгдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, босго өндөр байх тусмаа сонгогчдын санал гээгдэх магадлал нэмэгддэг гэсэн үг. Бүр доогуур тавьбал тэр нь бэлэгдлийн шинжтэй л байна. Хамгийн бага нь 0.25 хувийн босготой улс бий. Энгээд бодохоор тухайн улс орон өөрийн онцлогтоо тохируулж босгоо тогтоох ёстой юм. Миний хувьд долоон хувь гэдэг өндөр босго. 80 мянган санал гээгдэнэ гэдэг нэг аймаг гээгдэж байгаатай адил. Энэ мэтчилэн олон хүчин зүйлийг харж байж л босгоо тогтоох ёстой. Босго өндөр байвал сонгогчдын санал ихээр гээгддэг, бага байвал олон жижиг нам орж ирээд парламентын ажил цалгарддаг. Тиймээс алтан дунджаа л олох ёстой.
-Хоёр төслийг нэгтгэж хэлэлцэх шийдэлд УИХ ерөнхийдөө хүрээд байна. Гол зарчмуудыг нь нэгтгэх бололцоо байна уу?
-Харин тийм, дундаас нь нэг юм гаргачихна гэж хандаад байгаа байхгүй юу. Хэдийгээр хоёулаа пропорциональ ч УИХ-ын асуудалд хандаж байгаа хандлага нь их хялбар, механик байдлаар өнгөц байгаад байдаг. Тэгэхлээр л шийдвэр гаргагчид энэ асуудалд ул суурьтай хандах болов уу гэдэгт эргэлзээ төрөөд байгаа юм.
-Ер нь энэ УИХ-д сонгуулийн тогтолцоог өөрчлөх зориг байна уу. Хэдийгээр хуулийн төслүүд өргөн баригдсан ч батлахгүй гэсэн яриа гараад амжиж. Шуудхан асуухад, одоогийн УИХ-д сонгуулийн тогтолцооны өөрчлөлт ашигтай юу?
-Нэгэнт асуудал үүсчихсэн болохоор ярьж хэлэлцэх л байх. Нарийн мэдээлэлгүй болохоор хүсэл зориг байна уу гэдгийг шууд хэлэх боломж алга. Гэхдээ, УИХ-ын төвшинд институцийн хувьд тийм хүсэл зориг байна уу гэдэгт эргэлзээ байна. Дээр хэлсэн байдлаас гадна тойргийн мөнгө нэг тэрбум төгрөг болчихлоо. Үүнийг янз бүрээр шүүмжлээд, Ерөнхийлөгч хориг тавиад, Үндсэн хуулийн Цэц нь хууль зөрчлөө гээд байхад тоож байгаа хүн алга. Тэгэхээр Сонгуулийн хуулийн тэр ганц нэг үсэг заалтыг хэлэлцсэн болж байгаад нэг мандат бүхий 76 тойрогтой мажоритар руу буцаад явах магадлал ч байна. Одоогоор пропорциональ систем, засгийн механизмд түүний үзүүлэх нөлөөлөл зэргийг ярьж байгаа нь цөөнх байна. Гэхдээ давуу тал энд бий. Ядаж л сонгуулийн системийг өөрчлөхгүй юм гэхэд сонгуультай холбоотой асуудлууд олон нийтэд ил тод болж эхэллээ.
-Монгол Улс сонгуулийн бүх тогтолцоог, бүр сонгодог хэлбэрүүдийг нь хэрэглэчихэж. Одоо тогтолцооны өөрчлөлт хийлээ гэхэд ямар үр дүн гарах бол?
-Хамгийн түрүүнд энэ системийн өөрчлөлт Монголын сонгогчдод сонгох эрхээ эдлэхэд ямар шинэ юм авчрах вэ гэдгийг л ярих хэрэгтэй. Хоёрт, засаглалын институцид өвчин эмгэг болсон авлига, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөлөл, хаалттай, протекционист бодлогыг өөгшүүлж буй улс төрийн орчноос энэ шинэ систем нь яаж ангижруулах гээд байна. Ардчилсан нэртэй төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй, хариуцлага даах чадамж яаж нэмэгдэх, ард түмний элч болсон УИХ-ын гишүүдийн ёс зүй, улсаа гэсэн сэтгэлгээ нэмэгдэхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт асуултыг шалгуур болгож харахаас л эхэлбэл маш их хэрэгтэй байна. Эс тэгвээс сонгуулийн аль ч систем улс орны хөгжилд нэмэр болохгүй. Сонгуулийн системийг ийнхүү том цар хүрээнд харж хандахгүй бол иргэд сонгогчдыг сонгуулийн ардчилсан агуулгаас хөндийрүүлэх л болно. Сонгууль бол ардчиллын амин сүнс нь юм аа гэдгийг л айхтар онцолмоор байна. Гол нь манай Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний гарт байна гэдгээс үүдэн уг хууль Монголын сонгогчийн эрхээ эдлэх болон сонгогчийн үйл байдалд яаж нөлөөлөх вэ, үүний үндсэн дээр Монголын ардчиллын хөгжил хэр илүү баталгаажих вэ гэдэг хэмжүүрээр асуудлыг шийдэх нь зөв юм.
Ч.ГАНГЭРЭЛ.
Үндэсний шуудан сонин