Эдийн засгийн тулгуур хуулийг хэлэлцлээ | News.MN

Эдийн засгийн тулгуур хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн тулгуур хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцлээ. Түүгээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь баталсан байна. Нууцын зэрэглэлтэй, газар нутгийн талбай зэргийг хэлэлцсэн тул ийнхүү уг асуудлыг хаалттай хэлэлцжээ.

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулсан юм.

Түүний танилцуулснаар төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс төрөөс зохих арга хэмжээ авч ирсний нэг нь өмнөх жилүүдэд мөрдөж байсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль юм. Энэ хууль хэрэгжсэний дүнд эрдэс баялгийн үнийн түр өсөлтөөс бий болсон нэмэлт орлогоор нийгмийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулсны зэрэгцээ зохих хэсгийг нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдлийн санд төвлөрүүлэн зарцуулж ирсэн. Энэ нь 2008 оны сүүлийн хагасаас манай эдийн засагт нөлөөлж эхэлсэн хямралыг хохирол багатай давах гол хүчин зүйл болсон байна. Ийм туршлага, сургамжийн зэрэгцээ манай улс эрдэс баялгийн ордуудаа ашиглаж, эдийн засгийн цар хүрээгээ тэлэх боломж бүрдэж эхэлж байгаа нь төрөөс төсвийн сайн засаглал, хариуцлагын тогтолцоогоор дамжуулж нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах эрх зүйн шинэ орчин нэн шаардлагатай байгааг харгалзан Засгийн газар ийм хуулийн төсөл санаачилсан гэж Сангийн сайд хэлэв.       

  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход баримтлах төсвийн удирдлагын шинэ зарчим болон төсвийн тусгай шаардлагад суурилсан эрх зүйн шинэ орчин бүрдэх юм байна. Ингэснээр төсвийн бодлогооор дамжуулж макро эдийн засгийн тогтвортой байдлыг дунд болоод урт хугацаанд хангах, цаашлаад иргэдийнхээ эдийн засгийн  тогтвортой, эрсдэл багатай орчинд сэтгэл тайван ажиллаж амьдрах нийгэм, эдийн засаг, улс төрийн нэн чухал эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой аж. Энэ нь төсвийн шинэтгэлийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн эхлэлболох юм.

 Хуулийн төсөл болон түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан гишүүн Р.Раш, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийллээ. Тэд мөнгөний бодлогын хүүг хатуу бариад хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь улс орны хөгжлийг түргэтгэхэд саад тотгор болох юм биш үү гэсэн бол гишүүн Х.Баделхан зөвхөн төсөв биш төрийн захиргааны байгууллагаас эхлээд засаг захиргааны нэгж хүртэл бүх зүйл тогтвортой байх нь чухал байна гээд “Монгол Улсыг бага орлоготой орноос дунд орлоготой улсын тоонд шилжүүлэхээр Дэлхийн банкинд саналаа тавьсан гэсэн, гол үндэслэл нь юу вэ” хэмээн асууж байв. Гишүүн Э.Бат-Үүл “Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг энэ төсөлтэй хамтад нь оруулж ирж болоогүй юм уу, асуудлаа хөрөнгө оруулалтын банк, сантай яагаад уялдуулж тавихгүй байгаа юм бэ” гэсэн юм. Гишүүн Д. Одбаяр, Д.Балдан-Очир, О.Чулуунбат, Н.Ганбямба, С.Оюун, Я.Батсуурь, Ө.Энхтүвшин нар төсөлд хяналт, хариуцлагын асуудал бүрхэг, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэх асуудал тодорхойгүй, уул уурхайн салбарт тогтвортой санхүүгийн байдал, хяналт удирдлагын нэгдсэн системийг эхлээд бүрдүүлэх ёстой, эдийн засгийн бүтцийг шинэчлэхэд анхаарах, алт, зэснээс гадна нүүрс, цайрын орлогыг тогтворжуулалтын санд хамруулах, улсын нэгдсэн төсвийн тухай хуулиа эхэлж хэлэлцэж баталсны дараа энэ хуулийг оруулж ирж болоогүй юу, тогтворжуулалтын сан хаана байрших вэ зэргийг төсөл санааачлагчаас тодруулж асуулаа.

 Сангийн сайд гишүүдийн асуултад хариулахдаа, энэ хууль нь эдийн засаг, санхүүгийн бодлогын хувьд гол тулгуур хууль болох учиртайг тайлбарлалаа. Хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийдгийг больж, бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлж байх юм байна.   Одоогоор манай улсын нийт өрийн хэмжээ бололцоотой төвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувь орчим, харин сэрэмжлүүлэх хязгаар нь 40 хувь байгаа аж.
 Манай улс орлогын төвшний зэрэглэлээ ахиулах талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд  саналаа тавиад байгаа юм байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл манай улс арилжааны болон тусламжийн зээлийг хольж авдаг болох ажээ. Ийм нөхцөлд олон улсын байгууллагууд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хэмжээнд хязгаар тавьдаг юм байна. Одоогоор олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай Засгийн газрыг арилжааны зээл авахыг хязгаарладаг. Гэхдээ манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнээс нэг хүнд ногдох орлогын хувьд сүүлийн гурван жилд арилжааны зээл авдаг орнуудын нөхцөлийг хангаад байгаа гэнэ. 
  
Төсвийн зөрчилтэй хоёр хуулийг нэгтгэн боловсруулсан төслийг Засгийн газар ойрын үед УИХ-д өргөн барихаар болжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй уялдуулан Засгийн газар Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт гаргажээ. Энэ хууль батлагдсанаар орон нутаг төсвөө бие дааж зарцуулах, тендэрийг бие дааж шийдэх гээд өргөн боломж нээгдэх юм байна.

Гишүүн Д.Зоригт сангийн хөрөнгөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон зохицуулалтыг төсөлд тусгах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, зорилт арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг илүү бодитой нөхцөл байдалд нийцсэн байхаар томъёолох, Хүний хөгжил сангийн хуультай хэрхэн уялдаж байгааг харгалзан үзэх, гишүүн Д.Хаянхярваа төсвийн тусгай шаардлага, шалгуурын тооцоо судалгааг дахиж нарийвчлан авч үзэх, шалгуур үзүүлэлтийг сайн тооцож үзэхгүйгээр хууль батлагдаад хэрэгжих явцад тусгай шаардлага хангагдах боломжгүй болсон үед бүх хариуцлага Засгийн газар руу хандах учраас улс орныхоо эдийн засгийн чадавхи, төсвийн орлого, зарлагын бодит хүчин зүйлийг сайн тооцох, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлоготой болох, сангийн хуримтлалыг үр өгөөжтэй хөрөнгө оруулалтад зарцуулах талаар тодорхой тусгаж өгөх шаардлагатай гэсэн санал гаргаж, төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  Харин гишүүн Б.Чойжилсүрэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээд их хөрөнгө шаардагдаж байгаа, хоёр жилийн хугацаанд зөвхөн улсын төсвөөс есөн их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэтэл төсвийн өнөөгийн бодит нөхцөл энэ ачааллыг даах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд төсвийн тусгай шаардлагыг 2012 оноос эхлэн биелүүлж ажиллах боломж харагдахгүй байгаа тул энэхүү хуулийг 2013 оноос дагаж мөрдөх, мөн хуулийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг дахин сайн нягталж тооцох шаардлагатай учраас хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. УИХ-ын дарга “Эдгээр хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлах шаардлагатай байгаа тул Төсвийн байнгын хороо санаачилгатай, нухацтай хандах хэрэгтэй” гэлээ. Гишүүд хуулийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж