АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын ялыг хөнгөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын ялыг хөнгөрүүлжээ

Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлжээ. Өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал өдийг болтол үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн хэдэн хормын өмнө шийдвэрээ танилцуулсан байна.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж, ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан билээ.

Харин өнөөдөр болсон давж заалдах шатны хурлаас дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлсэн байна. Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Бидний авсан мэдээллээр ямартай ч хэрэгтнүүдийн ялыг тус тус хөнгөлсөн бөгөөд хорих ялыг чухам хэдэн сараар багасгасан тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй. Мөн Д.Батхуяг нарын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “тараасан” 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Маргааш шүүх хурлын талаар Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийх бөгөөд одоогоор цагийг эцэслэн товлоогүй байна.

Ямартай ч Д.Батхуяг, Т.Даваацогт нар нь 2009, 2010 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан болохыг хоёр шатны шүүхээс тогтоолоо. Мөн С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэг нь тогтоогдоод байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж