“Сурагч нас минь сайн байна уу?” гэх сонин содон нэртэй өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулав. Өдөрлөгт тус сургуулийн долдугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүд оролцож, өөрсдийн бага насаа дурсан, 1980-1990 оны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямар байсныг дүрслэн харуулав. Анги бүр ханын самбар гаргаж, тухайн үеийн сурагчдын хувийн хэрэг, боловсролын гэрчилгээ, дурсгалын зураг зэргийг ханын сониндоо багтаасан байлаа. Мөн эцэг эхчүүд пионерт элсч, шугам жагсаал хийж, АСТ зохион байгуулсан нь хүүхдүүдэд ихэд таалагдсан юм. Хоромхон хгуацаанд ч бол аав ээжийн үүргээ мартан хүүхэд насандаа эргэн очих боломжийг эцэг эхчүүдэд олгосон энэхүү өдөрлөгийн талаар тус сургуулийн сургалтын менежер Э.Оюунсайхан хэлэхдээ “Засгийн газраас зарласан “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон авьяаслаг аав, ээж нарт талархлаа илэрхийлье. Авьяас гэдэг ээж ааваас эхтэй байдаг. Тиймээс хүүхэд нэг бүрийн далд нуугдсан авьяас чадварыг нээхэд ихээхэн дэм болсон энэ өдөрлөгийг бид жил бүр уламжлал болгон явуулна” гэлээ.
Өдөрлөгт оролцсон ангиудаас н.Тунгалаг багштай 7г бүлгийн эцэг эхчүүд АСТ-д түрүүлж, 7а, 7б ангийнхан удааллаа.
Д.ЦЭЭНЭ