Японы Ерөнхий сайд амлалтаасаа буцав

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд амлалтаасаа буцав

Зураг. Японы Ханеко дахь цэргийн баазын байгууламжийг бэлдэж байна

Хэдийгээр Японы Окинава арлын иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа ч АНУ болон Японы удирдлагууд  АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Окинава арлаас нүүлгэхгүй байхаар шийдсэн байна.  Окинава арлын зүүн хэсэгт байрлаж байгаа 47 мянган хүнтэй АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг өмнө байсан газраас нь арай хүн багатай хэсэгт буюу Хеноко хэмээх суурингийн орчимд шилжүүлэхээр болжээ. Энэ шийдвэрээ Японы Ерөнхий сайд Юкио Хатояама тайлбарлахдаа өнөөгийн нөхцөл байдалд АНУ-ын цэргийн хүчин Окинава аралд байрлах нь зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн байна. Тэрээр Японы Ерөнхий сайдаар томилогдохдоо Окинава арал дээр байгаа АНУ-ын цэргүүдийг нүүлгэх асуудлыг өөрийн гол амлалтын нэг нь болгож байсан юм. Гэвч бодит нөхцөл байдал дээр тус аралд АНУ-ын цэргүүдийг  байрлуулах хоёр орны байгуулсан 50 жилийн түүхтэй гэрээг цуцлах буюу өөрчлөх боломжгүй гэдгийг ард түмэндээ тайлбарлаж уучлалт гуйсан юм. Энэ нь Окинавагийн олон мянган оршин суугчдын уурыг хүргэн тэдний зүгээс удаа дараалан тэмцэл жагсаал хийж байгаа ч нэмэр болсонгүй. Японы аралд байрлаж байгаа америк цэргүүд удаа дараалан хүчингийн болон хүн амины хэрэг өдүүлсээр ирсэн нь япон иргэдийн зүгээс тэднийг үл тэвчих хандлага гаргах гол шалтгаан нь болж байгаа билээ.

Хэдийгээр Японы Ерөнхий сайд АНУ-д цэргийн баазаа Окинавагаас өөр арал руу шилжүүлэх санал тавьсан ч ингэх нь тэнгисийн цэргийн хүчнийг шаардлагатай нөхцөлд түргэн маневр хийх бололцоог нь хаах болно хэмээн татгалзсаар байсан билээ. Японы Ерөнхий сайдын буулт түүний Засгийн газар дахь зарим сайд нарын дургүйцлийг ч хүргэж байгаа аж. Тухайлбал Японы Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд Мизухо Фукушима Ерөнхий сайдынхаа байр суурийг дэмжихээс татгалзаж  цаашдаа албөан тушаалаасаа татгалзах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

М.Наст
Эх сурвалж АР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж