Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуягт 6.6 жил, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогтод зургаа, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт тус тус 5.1 жилийн ял оноогоод байгаа.
Хэргийг сануулахад, Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон. Мөн С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус буруутгагдсан юм.