
Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Сонгоол давааны орчим энэ сарын 13-ны өдрийн 10.00 цагийн үед түймэр гарчээ. Түймрийн шалтгаан нь өндөр хүчдэлийн утас хавирснаас доош гал хаяж, түймэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өндөр хүчдэлээс гарсан түймэр салхи хүчтэй байсан учир Сонгоол даваанаас Аятын энгэр гэдэг газар хүрч унтарсан байна. Түймрийг Цагаан-Овоо сумын 10 гаруй хүнтэй баг, Баяндун сумаас гурван машинтай баг, Баян-Уул сумаас нэг фургон, 14 хүнтэй баг, аймгийн Онцгой байдлын хэлтсийн нэг машинтай баг, мөн нутгийн малчид хамтран унтраажээ. Гал хаясан өндөр хүчдэлийн шугамыг "Нью прогресс" компани хийж гүйцэтгэсэн бөгөөд муу татсанаас болж хүчтэй салхинд хоёр утас нь хавирсан тухай тус аймгийн Баян-Уул сумын албан ёсны сайтад мэдээлжээ. Өнгөрсөн жил Баян-Уул сумын нутаг Хархираа тасгийн орчим хүчтэй салхинд хоёр утас хавирч мөн түймэр гарч байжээ.