Тойргийн хорооны хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Тойргийн хорооны хуралдаан эхлээгүй байна

Өнөөдөр 12.00 цагт хийхээр товлосон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны хуралдаан одоо хэр нь эхлээгүй байна. Тойргийн хорооны хуралдаанаас сонгуулийн санал хураалтын дүнг эцэслэн мэдээлэхээс гадна, хуулийн дагуу 22.00 цагт хаах ёстой байсан санал хураалтыг 20.00 цагт дуусгасан гэх шалтгаанаар сонгогчоос гомдол ирсэн тул өчигдрийн санал хураалтыг хүчинтэйд тооцох эсэх, дахин санал хураалт явуулах эсэх гээд өдгөө хүлээлттэй байгаа олон асуудлыг шийдвэрлэх учиртай юм. Гэвч хуралд оролцох учиртай гишүүд цуглаагүй, тойргийн хорооны хурал одоо хэр нь эхлээгүй байна. Гишүүд цугламагц хуралдана, хурлаас шийдвэр гаргана гэдгийг тус тойргийн хорооны дарга М.Баасандорж хэллээ.

Өчигдөр болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Сумъябазар 54 хувийн санал авсан бол Ардчилсан намаас нэр дэвшин, өрсөлдсөн Л.Эрхэмбаяр 46 хувийн авсан тухай тойргийн хорооноос өчигдөр 22.30 цагийн орчимд мэдээлсэн юм. СХД-ийн тойргийн хороо нь нийт 80 хэсэгтэй, одоогоор нэгээс бусад хэсгийн дүнг нэгтгээд байгаа ажээ. Үлдсэн хэсгийн дүнг нэгтгэн эцсийн дүнг гаргаж, дээр нь асуудал үүсгээд буй санал хураалтыг 20.00 цагт дуусгасан тухай асуудлыг тойргийн хорооны хурлаар шийднэ. Хурал сунжирч, оройтох талтай тул хурлын шийдвэрийн талаар маргааш мэдээлэх гэнэ.

Үүсээд буй асуудалтай холбоотойгоор СЕХ-ноос “Тойргийн хороо хуралдаж, шийдвэрээ гаргана” гэх тайлбар өгч буй юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж