Зохион байгуулагчдаа зодуулж, хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Зохион байгуулагчдаа зодуулж, хүнд гэмтжээ

“Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагаас өнөөдөр аливаа гэмт хэрэгт өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүү, цаг хугацааны хувь ихээхэн хохирол амсч буй иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

Гэмт хэргийн золиос болж хэлмэгдсэн, хохирсон иргэд тус ТББ-д олноор ханддаг бөгөөд өнөөдөр тэдний нэг болох хохирогч н.Батмягмар, түүний ээж н.Наранцэцэг нар өөрсдөд нь учирсан зовлон, хохирлын талаар мэдээлсэн юм. Н.Батмягмар гэгч нь дулааны инженер мэргэжилтэй бөгөөд 2006 онд “Метрополис” шөнийн клубт ажилладаг байж. Тухайн үед түүний 21 хоногийн цалинг нь хоёр хоног ажилласнаар тооцож олгосон бөгөөд энэ тухай лавлан асуухад “Метрополис”-ын зохион байгуулагч н.Равдансамбуу гэгч нь түүнийг цоожтой өрөөнд оруулж, хүнд гэмтэл автал зодсон байна. Шүүх байгууллагаас н.Равдансамбуу нь ял сонссон ч өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ.

Гэвч өнөөдөр хохирогч н.Батмягмар эрүүл мэндээрээ ноцтой хохирсныг түүний ээж н.Наранцэцэг учирлалаа. Тэрээр тархиндаа гэмтэл авч мартамхай болсон, нуруу нугасны хүнд гэмтэлтэй, үргүй болсон, баруун чих нь сонсголгүй, бөөрний үйл ажиллагаа муудсан зэрэг олон гэмтэлтэй тул бүхий л сайн гэсэн эмнэлэг болгоныг бараадсан ч үр дүнд хүрээгүй байна. Өмнө нь нэг суга таягтай явдаг байсан бол одоо хоёр суга таягтай явдаг болсон гэнэ. Хохирогчийн хувьд эрүүл мэнд болоод сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирч байгаа тул Иргэний шүүхэд хандсан байна. Хохирол барагдуулах шүүх хурал маргааш /IV.16/ СХД-ийн шүүхэд болох ажээ.

Хохирогчийн ээж  хүүгээ эмчлүүлэхэд 24 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайд нарт хандан гэмт хэргээс болж эрүүл мэндээрээ хохирсон хохирогч нарт эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгож өгөөч хэмээн хүсч байсан юм.

“Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагаас эрүүл мэндээрээ хохирсон хохирогчдын эрүүл мэндийн хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалт байдаггүй, энэ талаар хуулийн санал санаачилга гаргахад дэмждэггүй хэмээж, хуульд ийм төрлийн зохицуулалт хийх хэрэгтэй гэлээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж