Хойд туйлын 90 градуст Монголын далбааг мандуулах түүхэн аялалд мордсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тун удахгүй үндсэн аяллаа эхлүүлэхээр шаардлагатай бүхий л бэлтгэлээ базаасан тухай дөнгөж сая "Иридиум" холбоогоор бидэнтэй холбогдож, мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 6-ны өглөө хилийн дээс алхсан тэрбээр Норвегийн нийслэл Осло хотоор дамжиж, 7-нд тус улсын хамгийн хойд захын Лонгиэрбайн хэмээх жижиг хотод Хойд туйлыг зорих аяллын багийн гишүүдтэйгээ нэгдсэн юм. Улмаар гурав хоногийн турш тэндээ бэлтгэл хийж, Хойд туйлыг зорихоор төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж, өчигдөр хөдөлжээ. Аяллын багийнхан анх наймуулаа Хойд туйлд очихоор төлөвлөсөн ч нэг нь замаасаа буцсан гэнэ. Ингээд Англи, Австрали, АНУ, Португали зэрэг орны тамирчдын хамт Г.Өсөхбаяр долуулаа дэлхийн зулайг зорихоор болсон байна.
Тэд өчигдөр Лонгиэрбайнаас нисч, Барнео түр баазад буужээ. Барнео нь Хойд туйлын 89 градуст орших мөсөн дээрх ОХУ-ын хувийн эзэмшлийн түр бааз юм байна. Барнеогийн нисэх зурваст газардсан аяллын багийнхан цааш үндсэн баазад очихын тулд ердөө 1 км замыг хоёр цаг гаруй явж туулсан гэнэ. Учир нь зам дэндүү их бартаатай, мөсний хагаралт, цууралт ихтэй, дээр нь салхитай, хүйтэн тул чигээрээ шулуун явж болохгүй, тойруу замаар явсан тухай Г.Өсөхбаяр гавьяат хэллээ.
Одоо Хойд туйлд өглөөний найман цаг өнгөрч буй бөгөөд аяллын багийнхан өглөөний цайгаа уугаад тун удахгүй үндсэн аялалдаа гарахаар бүхий л бэлтгэлээ базаажээ. Аялагчид Хойд туйлын 90 градус хүртэл 110 км замыг явганаар туулна.
С.ЦЭЛМЭГ