МАН-аас ажлын хэсэг гаргахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

МАН-аас ажлын хэсэг гаргахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар санал хүргүүлсэн асуудлыг энэ долоо хоногт УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэ асуудалд анхаарал хандуулж, МАН-ын зүгээс байнгын хороо, чуулганы хуралдаанд үндэслэлээ танилцуулах аж.

Мөн энэ долоо хоногт хуулийн байгууллагын багц хуулийг хэлэлцэх бөгөөд нийт зургаан багц хуулиас хоёрыг нь МАН дэмжих боломжтой гэж үзжээ. Үлдсэн дөрвөн хуулийг судалсны дараа УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн байна. Мөн хуулийн байгууллагын багц хуулийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахлах аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ “Хуулийн байгууллагын тухай багц хуулийг судлах ажлын хэсэг гаргах шаардлагатай болсон. Энэ хуулийн төслийн хоёрыг МАН-ын зүгээс дэмжиж байгаа. Харин дөрвөн хуулийн төслийг эргэн судлах шаардлагатай. Гэхдээ хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, харин судлах ажлын хэсэг байгуулах юм. Хууль зүйн байнгын хорооноос мөн ажлын хэсэг гарах байх гэж би  бодож байна” гэв.

Энэ долоо хоногт мөн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ордод гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн нэг заалтыг өөрчлөх төслийг хэлэлцэхээр болсон. МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслийн нэг заалтыг бус  бүхлээр нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж