Д.Батхуягийг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?

Замбараагүй лиценз олгож, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарын хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гурав хоногийн турш хэлэлцэж, Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаан жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт тус тус 5.1 жилийн ял оноосон билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн дээрх нэр бүхий эрхмүүд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус хэргийг өнөөдөр хянан хэлэлцэж байна.

Тэд ямар буруутай вэ?

Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар, Л.Даваацогт нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дараах хэргүүдийг үйлдсэн байдаг. Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь 2009, 2010 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгож Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан болохыг шүүх байгууллага тогтоосон юм.  

Мөн Ашигт малтмалын газраас өнгөрсөн 2009 оны есдүгээр сарын 5-25-нд талбайд, 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалт хийсэн. Тус шалгалтаар “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдсон. Улмаар тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт гаргажээ. Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, лицензийг эргэн олгосон байна.

Дөрвөн лицензийг сэргээж өгснийхөө хариуд “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий газрыг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд буюу “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдсон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Д.Батхуяг нарын “тараасан” 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ буцаан авахаар болсон билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж