Жижиг, дунд үйлдвэрлэл гэж төр, засгийн хэмжээнд олон жил ярьсан. Мэдээж тодорхой, бодитой салбаруудад тодорхой хэмжээгээр үр дүнд хүрч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч үр шимийг нь амсч яваа. Тэгвэл энэ талын хууль, эрх зүйн хүрээнд баяжуулалт хийхээр саяхан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачлагаар гишүүн Л.Энх-Амгалан, Я.Санжмятав, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нар хамтран нэгэн хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ нь малчид, малчин өрхийг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн нэрлэх асуудлыг хуульчилж өгөх тухай юм. Жилийн дөрвөн улиралд, байгал цаг уурын эрсдэлтэй нөхцөлд тасралтгүй хөдөлмөрлөж амь амьжиргаагаа залгуулдаг малчдын хувьд жижиг, дунд үйлдвэрлэгч болчихвол хамгийн наад зах нь ийм үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн зээлд хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Ийм хуулийн сургаар малчдын жинхэнэ магнай нь тэнийж байгаа сурагтай. Хуулийг санаачлагчид дандаа хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд байна. Тэр дундаа Завхан нутгаас гурван удаа нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд малчдын жаргал, зовлонг хэнээс ч илүү мэдэх нэгэн учраас хуулийн үзэл баримтлал, агуулгад онцгой ач холбогдол өгсөн гэнэ. “Малчдыг төрөөс бодлогоор сайн дэмжих хэрэгтэй. Малчид ажлын байраа өөрсдөө бий болгож, өөрсдөө тэмцэж хөдөлмөрлөж, төрд ямар нэгэн ачаалал дарамт учруулахгүйгээр амьдралаа авч явдаг хүмүүс” хэмээн ярьдаг Д.Оюунхорол гишүүний санаачлагыг хуулийн төслийг хамтран боловсруулсан бусад гишүүд дуу нэгтэй дэмжсэн байна. Мөн Засгийн газар ч дэмжжээ.
Б.ЭНХ